Skip to content

Өндөр настай эцэг эхээ асрах талаар Библид юу гэж байдаг вэ?

Өндөр настай эцэг эхээ асрах талаар Библид юу гэж байдаг вэ?

Библид ингэж байдаг

 Нас дээр гарсан эцэг эхээ асарч халамжлах хариуцлагатай үүрэг үр хүүхдэд нь оногддог. Библид бичсэнээр, насанд хүрсэн хүүхдүүд нь «Бурханд үнэнч гэдгээ батлан, ... гэрийнхэндээ санаа тавьж, эцэг эх[ийнхээ] ... ачийг хариулах» ёстой. «Энэ нь Бурхны мэлмийд тааламжтай» (1 Тимот 5:4). Өндөр настай эцэг эхээ асарч халамжлахын тулд чадах бүхнээ хийдэг бол эцэг эхээ хүндэл гэсэн Библийн тушаалыг дагаж байгаа хэрэг (Эфэс 6:2, 3).

 Өндөр настай эцэг эхээ хэрхэн асрах тодорхой заавар Библид байдаггүй. Гэхдээ Бурхныг шүтдэг хүмүүсийн сайхан жишээг бичжээ. Түүнчлэн настай эцэг эхээ асарч байгаа хүмүүст тус болох зөвлөгөө бий.

 Библид гардаг хүмүүс өндөр настай эцэг эхээ хэрхэн асардаг байсан бэ?

 Тэд нөхцөл байдлаасаа шалтгаалан янз янзын аргаар асардаг байсан.

  •   Иосеф нас өндөр болсон эцэг Иаковаасаа хол амьдардаг байсан. Боломж гармагц аавыгаа өөртөө ойрхон нүүлгэж авчруулсан. Тэгээд орон байр, хоол хүнсээр хангаж, асран хамгаалсан (Эхлэл 45:9–11; 47:11, 12).

  •   Рут хадам эхтэйгээ цуг нутагт нь нүүж иржээ. Тэгээд хадам эхийгээ тэжээхийн тулд эцэж цуцахыг мэдэхгүй ажилласан (Рут 1:16; 2:2, 17, 18, 23).

  •   Есүс нас барахынхаа өмнөхөн эх Мариагаа найздаа захиж үлдээсэн. Тэр үед Мариа бэлэвсэн байсан бололтой (Ёохан 19:26, 27). a

 Эцэг эхээ асарч байгаа хүмүүст тус болох ямар зөвлөгөө Библид байдаг вэ?

 Өндөр настай эцэг эхээ асарч байгаа хүн бие махбод, сэтгэл санааны хувьд эцэж туйлдах нь бий. Ийм үед тус болох зарчмууд Библид байдаг.

  •   Эцэг эхээ хүндэл.

     Библийн зарчим: «Эцэг эхээ хүндэл» (Египетээс гарсан нь 20:12).

     Энэ зарчмыг хэрхэн баримтлах вэ? Эцэг эх тань чадах юмаа хийх гэвэл бүү хориглоорой. Ямар асрамж, тусламж хэрэгтэй байгааг нь асууж, өөрсдөөр нь шийдүүлээрэй. Үүний зэрэгцээ тэдэндээ чадах хэрээрээ туслаарай. Ингэж эцэг эхээ хүндлээрэй.

  •   Ойлгодог, уучилдаг байгаарай.

     Библийн зарчим: «Хүмүүний хэрсүү байдал түүнийг уурандаа удаан байхад сургадаг. Гэм бурууг харахгүй өнгөрөх нь түүний алдар суу билээ» (Сургаалт үгс 19:11).

     Энэ зарчмыг хэрхэн баримтлах вэ? Настай эцэг эх тань гомдмоор үг хэлэх юм уу талархахгүй байгаа юм шиг санагдвал «Би тэдний оронд байсан бол надад ямар санагдах байсан бол?» гэж өөрөөсөө асуугаарай. Хэрэв та тэднийгээ ойлгож, уучлахыг хичээвэл байдлыг улам дордуулахаас зайлсхийнэ.

  •   Хүмүүстэй зөвлөлдөөрэй.

     Библийн зарчим: «Зөвлөгөө дутсанаас төлөвлөгөө бүтэлгүйтнэ. Харин олон зөвлөгчтэй бол бүтэмжтэй» (Сургаалт үгс 15:22).

     Энэ зарчмыг хэрхэн баримтлах вэ? Эцэг эхийнхээ биеийн байдлыг мэдэж аваад, яаж туслах талаар судалгаа хийгээрэй. Танай нутагт халамжийн ямар үйлчилгээ байгааг олж мэдээрэй. Настай эцэг эхээ асардаг хүмүүстэй ярилцаарай. Төрсөн ах дүүтэй бол бүгдээрээ цуглараад, эцэг эхдээ ямар халамж асрамж хэрэгтэй байгааг ярилцаж, хэн юу хийхээ хуваарилж аваарай.

    Настай эцэг эхээ хэрхэн асрах талаар гэр бүлээрээ ярилцаарай

  •   Хэр чадлаа хүлээн зөвшөөрөөрэй.

     Библийн зарчим: «Даруу зан болбоос мэргэн ухаан» (Сургаалт үгс 11:2).

     Энэ зарчмыг хэрхэн баримтлах вэ? Хүн болгоны цаг зав, хүч чадал хязгаартай. Үүнийг хүлээн зөвшөөрөөрэй. Эцэг эхийнхээ төлөө хийж чадахгүй юм гарна гэсэн үг. Хэрэв та ямар ч хүчгүй болтлоо туйлдаад байвал ах дүү нараасаа тусламж хүсэх юм уу өндөр настныг асардаг байгууллагад хандаарай.

  •   Өөртөө санаа тавиарай.

     Библийн зарчим: «Хүн хэзээ ч өөрийгөө үзэн яддаггүй, харин тэжээдэг, хайрладаг» (Эфэс 5:29).

     Энэ зарчмыг хэрхэн баримтлах вэ? Хэдийгээр та эцэг эхээ асран халамжлах үүрэгтэй боловч ганц бие бол өөртөө, гэр бүлтэй бол гэрийнхэндээ санаа тавих ёстой шүү. Шим тэжээлтэй хоол идэж, сайн унтаж, амарч байгаарай (Номлогчийн үгс 4:6). Боломжтой бол, эцэг эхээ үе үе өөр хүнээр харуулж байгаарай. Тэгвэл таны сэтгэл санаа ч амарна, тамир тэнхээ ч орно.

 Эцэг эхээ гэртээ асрах ёстой гэж Библид бичсэн үү?

 Библид энэ тухай тодорхой заавар байдаггүй. Зарим гэр бүл настай эцэг эхээ аль болох удаан хугацаагаар гэртээ асрахыг боддог. Гэхдээ яваандаа өндөр настныг асардаг байгууллагад хандах нь илүү дээр гэсэн шийдэлд хүрч болох юм. Гэр бүлээрээ цуглараад, бүх хүнд юу нь сайн бэ гэдгийг ярилцаж байгаад шийдээрэй (Галат 6:4, 5).

a Энэ үйл явдлын талаар Библийн нэгэн тайлбарт «[Мариагийн нөхөр] Иосеф нэлээн эрт нас барсан бололтой. Тиймээс хүү Есүс нь эхийгээ тэжээдэг байсан байх. Есүсийг нас барчихвал Мариаг хэн асрах бол? ... Үр хүүхэд нь өндөр настай эцэг эхээ асарч халамжлах ёстойг Есүс ийнхүү ойлгуулжээ» гэж бичжээ («The NIV Matthew Henry Commentary in One Volume», хуудас 428, 429).