Skip to content

Согтууруулах ундаа хэрэглэх талаар Библид юу гэж байдаг вэ? Уух нь буруу юу?

Согтууруулах ундаа хэрэглэх талаар Библид юу гэж байдаг вэ? Уух нь буруу юу?

Библид юу гэж байдаг вэ?

 Согтууруулах ундааг тохируулан хэрэглэх нь буруу биш. Дарс бол Бурхны өгсөн бэлэг бөгөөд амьдралыг илүү баяр баясгалантай болгодог гэж Библид байдаг (Дуулал 104:14, 15; Номлогчийн үгс 3:13; 9:7). Бас эрүүл мэндэд тустайг Библид бичсэн байдаг (1 Тимот 5:23).

 Есүс дэлхий дээр амьдарч байхдаа дарс уусан удаатай (Матай 26:29; Лук 7:34). Есүсийн үйлдсэн гайхамшгуудын нэг нь, хуримын зоог дээр усыг дарс болгон хувиргасан явдал юм (Ёохан 2:1–10).

Хэтрүүлж уухын хор уршиг

 Библид дарсыг сайнаар бичсэн байдаг ч хэтрүүлж юм уу согттолоо уухыг буруушаадаг. Тиймээс Христийн дагалдагч хүн согтууруулах ундааг тохируулж уух нь хамгийн чухал (1 Тимот 3:8; Тит 2:2, 3). Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхийх ёстойн учрыг Библид ингэж бичжээ.

  •   Хэтрүүлэн хэрэглэвэл сэтгэн бодох юм уу шийдвэр гаргах чадвараа алдана (Сургаалт үгс 23:29–35). Согтсон хүн «Бурханд тааламжтай, амьд, ариун тахил болгон биеэ өргө» гэсэн Библийн зарчмыг ажил хэрэг болгож чадахгүй (Ром 12:1).

  •   Хэтрүүлэн уувал айж ичихээ больж «дураараа дургих аюултай» (Хосеа 4:11; Эфэс 5:18).

  •   Мөнгө төгрөгөө үрж, эрүүл мэндээрээ хохирно (Сургаалт үгс 23:21, 31, 32).

  •   Хэтрүүлж юм уу согттолоо уух нь Бурханд таалагддаггүй (Сургаалт үгс 23:20; Галат 5:19–21).

Хэр их уухыг хэтрүүлсэн гэж үзэх вэ?

 Согтууруулах ундаа хэтрүүлж уусан хүн өөртөө эсвэл өрөөл бусдад гай тарьдаг. Библийнхээр бол, ямар хүнийг согтсон гэх вэ? Тасарч унасан хүнийг л хэлдэг юм биш. Харин тэнцвэрээ алдах, гуйвж дайвах, үг нь олшрох, үг хэл нь орооцолдох гэх мэт шинж тэмдэг илэрвэл согтсон гэж үздэг (Иов 12:25; Дуулал 107:27; Сургаалт үгс 23:29, 30, 33). Согттолоо уудаггүй хүн ч хэтрүүлж уувал «зөв бодох чадвараа» алдаж горыг нь амсдаг (Лук 21:34, 35).

Огт хэрэглэхгүй байх

 Христийн дагалдагчид ямар үед согтууруулах ундаа хэрэглэж болохгүйг Библид тодорхой хэлдэг.

  •   Согтууруулах ундаа хэрэглэснээс болоод бусад хүн Бурхнаас хөндийрөх аюултай бол (Ром 14:21).

  •   Улсынхаа хуулийг зөрчиж байгаа бол (Ром 13:1).

  •   Согтууруулах ундаанд донтдог бол. Архинд донтсон юм уу согтууруулах ундааг өөр байдлаар хэтрүүлж хэрэглэдэг бол шийдэмгий арга хэмжээ авах ёстой (Матай 5:29, 30).