Skip to content

ЗАЛУУЧУУДЫН АСУУЛТ

Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 1-р хэсэг: Бурхан байдаг гэдэгт яагаад итгэх хэрэгтэй вэ?

Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу? 1-р хэсэг: Бурхан байдаг гэдэгт яагаад итгэх хэрэгтэй вэ?

 Бүтээгдсэн үү? Хар аяндаа бий болсон уу?

 Бурхан бүх юмыг бүтээсэн гэдэгт чи итгэдэг үү? Тийм бол чи ганцаараа биш ээ. Чам шиг олон охид хөвгүүд (томчууд ч) үүнд итгэдэг. Гэхдээ зарим хүн амьдрал, орчлон ертөнц “Хүнээс давуу нэгний” оролцоогүйгээр хар аяндаа үүссэн гэдэгт итгэдэг.

 Чамд сонирхуулахад: Алинд нь ч итгэдэг байлаа гэсэн хүмүүс юунд итгэдгээ торох юмгүй хэлж чаддаг ч чухам яагаад итгэдгээ хэлж чаддаггүй.

  •   Зарим хүн зүгээр л сүмд нь тэгж заадаг учраас Бүтээгчид итгэдэг.

  •   Ихэнх хүн зүгээр л сургууль дээр нь тэгж заадаг учраас Эволюцид итгэдэг.

 Энэхүү цуврал өгүүлэл чамд Бүтээгчид итгэх итгэлээ улам бэхжүүлж, итгэл үнэмшлээ тайлбарлаж чаддаг болоход тус болно. Гэхдээ эхлээд чи өөрөөсөө зарим нэг асуултыг асуух хэрэгтэй:

 Би Бурханд яагаад итгэдэг вэ?

 Энэ асуулт яагаад тийм чухал бэ? Библи чамд «оюун ухаанаа» дайчлахыг зөвлөдөг (Ром 12:1). Тиймээс Бурханд итгэх итгэл чинь дараах зүйлд үндэслэх учиргүй.

  •  Сэтгэл хөдлөл (Хүнээс хүчээр давуу нэгэн байдаг юм шиг надад санагддаг)

  •  Бусдын нөлөө (Миний эргэн тойрны хүмүүс шүтлэгтэй хүмүүс)

  •  Шахалт (Аав ээж маань намайг Бурханд итгэдэг хүн болгож өсгөсөн—Өөр зам байхгүй)

 Харин Бурхан байдагт өөрөө итгэдэг байх хэрэгтэй бөгөөд итгэл үнэмшил чинь баримт нотолгоонд үндэслэх учиртай.

 Тэгвэл чи Бурхан байдагт яагаад итгэдэг вэ? «Би яагаад Бурханд итгэдэг вэ?» гэсэн хэсгийг нямбай судалж үзвэл чиний итгэл илүү батжих болно. Бас энэ асуултад үеийн чинь хүүхдүүд хэрхэн хариулсныг бодож үзвэл чамд тустай.

 «Хүний биеийн бүтцийн тухай багшийнхаа тайлбарлахыг сонсоод би Бурхан байдаг гэдэгт улам итгэх болсон. Эрхтэн бүр, өчүүхэн жижиг эрхтэн хүртэл өөр өөрийн үүрэгтэй. Зарим нь биднийг анзаараагүй байхад л үүргээ биелүүлдэг. Хүний бие үнэхээр гайхалтай»—Тэрэза.

 «Би өндөр барилга, хөлөг онгоц, машиныг хараад “Хэн үүнийг хийсэн юм бол?” гэж боддог. Оюун ухаантай хүн л машин угсарч чадна. Жижиг жижиг эд ангиудыг нь зөв угсарч байж л машин ажиллана. Машиныг хэн нэг нь зохион бүтээсэн юм бол, хүмүүс бид ч бүтээгчтэй байж таарна»—Ричард.

 «Орчлонт ертөнцийн хамгийн жижиг хэсгийг ойлгоход хамгийн ухаантай хүнд ч хэдэн зуун жил шаардлагатай. Ингэж бодвол орчлонт ертөнцийг хэн нэгэн бүтээгээгүй гэх нь утгагүй юм»—Карин.

 «Шинжлэх ухааныг судлах тусам эволюцийн онол үнэмшилгүй санагддаг. Жишээ нь байгалийн нарийн бүтэц зохион байгуулалт, хүний амьтдаас ялгарах хосгүй байдлыг би бодсон. Амьдралын утга учир юү вэ, хүн яаж бий болсон бэ, ирээдүй маань ямар байх вэ гэх зэрэг асуултын хариуг хүмүүс бид мэдэхийг хүсдэг. Эволюцийн онол эдгээр асуултыг амьтадтай холбож тайлбарладаг. Гэхдээ хүмүүс амьтдаас яагаад ийм онцгой байдгийн учрыг тайлбарлаж чаддаггүй. Эволюцийн онолд итгэхэд, Бүтээгчид итгэхээс илүү их “итгэл” хэрэгтэй гэж би боддог»—Энтони.

 Итгэл үнэмшлээ хэрхэн тайлбарлах вэ?

 Ангийнхан чинь чамайг харагдахгүй зүйлд итгэдэг гэж шоолбол яах вэ? Бас тэд эволюцийн онол шинжлэх ухаанаар батлагдчихсан гэвэл юу гэх вэ?

 Юуны түрүүнд итгэж үнэмшдэг зүйлдээ итгэлтэй байгаарай. Битгий айж, ичээрэй (Ром 1:16). Тэгээд эдгээрийг санаарай:

  1.   Чи ганцаараа биш ээ. Олон хүн Бурханд итгэдэг. Өндөр боловсролтой, ухаантай хүмүүс ч Бурханд итгэдэг. Тухайлбал Бурханд итгэдэг эрдэмтэд ч бий.

  2.   Бурханд итгэдэггүй хүмүүсийн зарим нь Бурхны талаар огт мэдлэггүй байх нь бий. Тэд Бурханд итгэдэггүйнхээ учрыг батлахын оронд «Бурхан байдаг юм бол зовлон зүдүүрийг яагаад хүлцэн зөвшөөрдөг юм бэ?» гэж асуугаад өнгөрдөг. Ийнхүү сайтар судалж мэдэх зүйлийг сэтгэл хөдлөлөөрөө дүгнэчихдэг.

  3.   Хүн «Бурхны тухай мэдэх» хэрэгцээтэй (Матай 5:3). Үүний тулд Бурханд итгэх хэрэгтэй. Хэрэв хэн нэгэн хүн Бурхан байдаггүй гэвэл яагаад энэ дүгнэлтэд хүрснийг чи биш, тэр хүн өөрөө тайлбарлах хэрэгтэй (Ром 1:18–20).

  4.   Бурханд итгэхэд хангалттай олон шалтгаан бий. Амьдрал хар аяндаа бий болох боломжгүйг баталсан олон нотолгоо бий. Нөгөөтээгүүр амьдрал амьгүй зүйлээс хар аяндаа бий болсон гэснийг батлах баримт нотолгоо байдаггүй.

 Тэгвэл чамаас Бурханд итгэдгийн чинь учрыг хүн асуувал юу гэх вэ? Хэдэн жишээ авч үзье.

 Хүн чамд ингэж хэлбэл: «Боловсролгүй хүмүүс л Бурханд итгэдэг»

 Чи ингэж хэлж болно: «Та үнэхээр үүнийг хүлээн зөвшөөрдөг үү? Би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй. Янз янзын шилдэг их сургуулийн 1600-аад профессороос судалгаа авахад гуравны нэг нь өөрсдийгөө атеист (Бурхангүй үзэлтнүүд), агностик (Бурхан байдаг эсэхийг мэдэх боломжгүй гэж үздэг хүмүүс) биш гэсэн байна. a Тэр профессоруудыг Бурханд итгэдэг учир ухаан муутай хүмүүс гэж үзэх үү?»

 Хүн чамаас ингэж асуувал: «Бурхан байдаг юм бол хүмүүс яагаад ингэж их зовдог юм бэ?»

 Чи ингэж хариулж болно: «Хүмүүс ингэж их зовж байхад Бурхан юу ч хийдэггүй юм шиг санагдаад та ингэж асууж байна уу? [Хариулахыг нь хүлээнэ] Хүмүүс яагаад зовдгийн учрыг би мэдэж аваад их тайвширсан юм. Би Библийн хэд хэдэн сургаалыг судалж үзээд мэдэж авсан. Та бас мэдмээр байна уу?»

 Эволюцийн онол бидний оршин байдгийн шалтгааныг тайлбарлаж чаддаггүй. Яагаад гэдгийн учрыг дараагийн цуврал өгүүлэлд тайлбарласан.

a Эх сурвалж: Social Science Research Council, “Religion and Spirituality Among University Scientists,” by Elaine Howard Ecklund, February 5, 2007.