Skip to content

БИБЛИ ХҮНИЙГ ӨӨРЧИЛДӨГ

«Би гудамжинд гарчихсан байсан»

«Би гудамжинд гарчихсан байсан»
  • Төрсөн он: 1955

  • Улс: Испани

  • Өмнө нь: Архичин, хар тамхичин, хүчирхийлэгч байсан

ӨМНӨХ АМЬДРАЛ

 Зарим хүн алдаж онож явснаа олон жилийн дараа л ойлгодог. Би ч тийм хүн байсан. Би Испанийн хоёр дахь том хот Барселонд төрж өссөн. Манайх далайн эрэг дагуу байдаг Соморрострод байв. Соморростро бол гэмт хэрэг, хар тамхины наймааны үүр болсон газар юм.

 Би 9 хүүхэдтэй айлын ууган нь юм. Манайх нэн ядуу амьдралтай учраас аав намайг теннисний клубт бөмбөг цуглуулдаг ажилд оруулсан. Тэр үед би 10 настай байсан бөгөөд өдөрт 10 цаг ажилладаг байв. Тийм учраас сургуульд сурдаг үеийнхэнтэйгээ адил байгаагүй. 14 настайдаа би төмрийн цехэд орж ажилласан.

Би цэргийн дүрэмт хувцастайгаа. 1975 онд Хойд Африк дахь Испанийн харьяа Мэлильяд цэргийн алба хаасан

 1975 онд намайг цэрэгт татсан. Тэр үед Испанийн бүх эрчүүд заавал цэргийн алба хаах ёстой байв. Би адал явдалд дуртай байсан учраас Хойд Африк дахь Испанийн харьяа Мэлильяд саналаараа цэрэгт явсан. Тэр үед би архи, хар тамхины бузар ертөнцөд донтсон нэгэн болсон.

 Цэргээс халагдаж Барселонд ирээд болж бүтэхгүй хүмүүсийг цуглуулж гэмт хэрэг хийдэг болсон. Боломж л олдвол юм хулгайлна. Хулгайлсан юмаа зарж, мөнгөөр нь хар тамхи авна. Би ЛСД, амфетамин зэрэг хүчтэй мансууруулах бодис хэрэглэж эхэлсэн. Тэгээд секс, архи, мөрийтэй тоглоомын дунд л амьдардаг болов. Иймээс улам харгис хэрцгий болсон. Би том жижиг хутга, сүхтэй явж, шаардлага гарвал юу ч хийхээс буцахгүй явлаа.

 Бид нар нэг удаа машин хулгайлаад цагдаад хөөгдсөн. Яг л кинонд гардаг шиг юм болсон. Зугтсаар 30 орчим километр болоход цагдаагийнхан биднийг буудаж эхэлсэн. Гэнэт ямар нэг юм мөргөсөн учраас бид амиа аврахын тулд тал тал тийшээ зугтсан. Үүнийг аав дуулаад намайг гэрээсээ хөөсөн.

 Үүнээс хойш би 5 жил гудамжинд амьдарсан. Айлын үүдэнд, ачааны машинд, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр бас оршуулагын газарт хоноглодог байсан. Нэг хэсэг бүр агуйд ч амьдарсан. Амьдралын ямар ч зорилгогүй болж үхэх сэхэх нь падгүй санагдсан. Хар тамхинд мансуурахлаараа үедээ гараа ч, бугуйгаа ч зүссэнээ санадаг. Сорви нь одоо ч байгаа.

БИБЛИ НАМАЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛСӨН

 28-тай байхад ээж минь намайг хайж олоод гэртээ эргээд ирээч гэж гуйсан. Би ч зөвшөөрсөн, амьдралаа өөрчлөхөө ч амласан. Олон жил болсны дараа л энэ амлалтаа биелүүлж чадсан даа.

 Нэг өдөр Еховагийн хоёр Гэрч манай хаалгыг тогшсон. Би тэдний яриаг сонсож байтал аав маань хаалгаа хаа гэж гэр дотроос хашхирсан. Хүмүүс тушаахаар дургүй хүрдэг байсан учраас би тоогоо ч үгүй. Тэдний өгсөн 3 жижиг номыг би дуртайяа авсан. Тэгээд хаана цуглаан болдгийг нь асуусан. Хэдэн хоногийн дараа би цуглааны танхимын гадаа очив.

 Юуны түрүүнд маш аятайхан, цэвэрхэн хувцасласан нь нүдэнд туссан. Харин би урт үстэй, сахал самбаандаа баригдсан, хааш яаш хувцасласан байв. Энэ ч миний байх газар биш байна даа гэж бодоод гадаа зогсож байтал манай бүлгийн гишүүн байсан Хуан гэдэг хүн костюм өмсчихсөн байхыг хараад мэл гайхсан. (Жилийн өмнө Еховагийн Гэрч болсныг нь хожим нь мэдсэн). Би түүнийг хараад өөртөө арай итгэлтэй болж, танхимд орж цуглаанд суусан. Энэ мөчөөс хойш миний амьдрал өөрчлөгдөж эхэлсэн.

 Би Библийн хичээл хийх үү гэхэд нь зөвшөөрсөн. Удалгүй Бурхны сайшаалыг хүртье гэвэл ааш зан болон амьдрал ахуйгаа орвонгоор нь өөрчлөх хэрэгтэйгээ ухаарсан. Гэхдээ ингэх нь амаргүй байсан. Еховагийн таалалд нийцэхийн тулд «үзэл бодлоо өөрчилснөөр өөрийгөө өөрчлөх» хэрэгтэйгээ ойлгосон (Ром 12:2). Бурхны өршөөнгүй сэтгэл нь надад маш хүчтэй нөлөөлсөн. Өчнөөн олон алдаа гаргаж явсан надад амьдралаа өөрчлөх боломж өгч байгаа юм шиг л санагдсан. Ехова Бурхны тухай мэдэж авсан бүхэн зүрх сэтгэлд минь гүн хоногшиж байв. Надад санаа тавьдаг Бүтээгч байдаг гэдэг нь тодорхой болсон (1 Петр 5:6, 7).

 Тэгээд би өөрчлөгдөх хүсэлтэй болсон. Жишээлбэл Библийн хичээлээр тамхины тухай ярилцсаны дараа би өөртөө «Ехова Бурхан бүх талаараа цэвэр ариун байгаасай гэж хүсдэг юм бол энэ тамхийг хаячихъя л даа» гэж хэлсэн (2 Коринт 7:1). Тэгээд өөртөө байсан тамхиа бүгдийг нь хогийн саванд шууд хаясан.

 Би бас хар тамхи хэрэглэдгээ, зардгаа болих хэрэгтэй байв. Энэ нь тийм ч амар байгаагүй. Ингэхийн тулд хуучин найзуудаасаа холбоогоо таслах хэрэгтэйгээ ойлгож байв. Тэдэнтэй нөхөрлөөд байх юм бол Бурхантай дотно байж чадахгүй. Яваандаа би Бурханд болон хурлын найзууддаа илүү их итгэж найддаг болсон. Урьд нь надад санаа тавьж, хайрладаг ийм хүмүүс байгаагүй. Өдөр хоног өнгөрөх тусам би хар тамхинаасаа гарч, «шинэ хүнийг өмсөн», Бурхны сайшаалыг ч хүртсэн (Эфэс 4:24). Ингээд 1985 оны 8-р сард би баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон.

ОДОО

 Библи судлахлаар цэвэр агаараар амьсгалах шиг болсон. Эрүүл мэндэд хортой, нэр хүндийг минь гутаадаг амьдралаа өөрчилсөн. ДОХ юм уу хар тамхинаас үүдэлтэй өвчнөөс болж 30 гаруй хуучин найз минь залуугаараа нас барсан. Би Библийн зарчмуудыг дагаад ийм золгүй явдлын золиос болоогүйдээ баярладаг.

 Хутга, сүхтэй хүчирхийлэгч залуу аль хэдийн алга болжээ. Харин хүмүүст туслахын тулд Библи авч явна гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Эхнэр бид хоёр одоо Еховад бүрэн цагаар үйлчилж байна.

 Эцэг эх маань Еховагийн Гэрч болоогүй л дээ. Гэхдээ намайг ямар их өөрчлөгдсөнийг хараад Библи судлахын ач тусыг өндөр үнэлдэг. Манай аав хамт ажилладаг хүмүүсээсээ ч ичиж зоволгүй Еховагийн Гэрчүүдийг өмөөрч байсан. Итгэл үнэмшлийнхээ ачаар сайн хүн болсон минь аавд илэрхий байв. Харин миний ээж, эртхэн шиг л Библи судлах байж гэж хэлдэг байв. Энэ нь ч үнэндээ зөв шүү!

 Хар тамхи хэрэглэх зэргээр муу юм хийдэг хүмүүс хэзээ ч сэтгэл хангалуун байдаггүйг би биеэрээ мэдэрсэн. Одоо би хүмүүст амийг минь аварсан Библийн сургаалыг зааж сэтгэл хангалуун явдаг.