Skip to content

Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа яаж санхүүждэг вэ?

Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаа яаж санхүүждэг вэ?

 Манай байгууллагын дэлхий дахины үйл ажиллагаа голлон Еховагийн Гэрчүүдийн сайн дурын хандиваар санхүүждэг. a Цуглааны танхимд хандивын хайрцаг бий. Түүнээс гадна байгууллагын албан ёсны вэб сайт дахь «Хандив» буланд хандив өргөх бусад аргуудыг танилцуулсан. Тухайлбал, дэлхий дахины юм уу оршин сууж буй нутгийнхаа Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагаанд зориулж хандив өргөх боломжтой.

 Еховагийн Гэрчүүд орлогынхоо арав юм уу тодорхой хувь, тогтсон хэмжээний мөнгө өргөдөггүй (2 Коринт 9:7). Цуглаанд ирэгсдээс хандив хураадаггүй, төлбөр авдаггүй. Мөн баптисм, оршуулга, хурим, шашны ёслол хийсэн нэрээр мөнгө хураадаггүй. Түүнчлэн хоол хүнс худалдах, ирсэн хүмүүсийг хооллох, тусламжийн сан үүсгэх зорилгоор худалдаа хийх, хөгжөөнт тоглоом, наадам цэнгүүн, сугалаа зэргийг зохион байгуулан мөнгө цуглуулдаггүй, хандив ч хураадаггүй. Хандив өргөсөн хүний талаарх мэдээллийг бусдад өгөх юм уу олон нийтэд мэдээлдэггүй (Матай 6:2–4). Манай байгууллага вэб сайт болон хэвлэлдээ зар сурталчилгаа тавьж ашиг олдоггүй.

 Еховагийн Гэрчүүдийн бүх хурал сар бүр цуглаан дээрээ санхүүгийн тайлангаа нийтэд танилцуулдаг. Түүнчлэн хандивыг зүй зохистой зарцуулж буй эсэхийг шалгах зорилгоор санхүүгийн шалгалтыг тогтмол хийдэг (2 Коринт 8:20, 21).

Хандив өргөх аргууд

  •   Хандивын хайрцагт хийх: Цуглаан, чуулганы танхим болон цуглаан зохион байгуулж буй газарт хандивын хайрцаг тавьдаг. Бэлэн мөнгө, чекээр хандив өргөх боломжтой.

  •   Цахимаар өргөх: Цахимаар хандив өргөх боломжтой улс орон олон бий. Ингэхийн тулд jw.org сайт дахь «Еховагийн Гэрчүүдэд хандивлах» гэсэн хуудсыг нээгээд кредит, дебит карт, данс эсвэл бусад аргаар шилжүүлэх боломжтой. b Зарим Гэрч «боломжийнхоо хэрээр цааш нь хийж бай» гэсэн Библийн зарчмын дагуу сар бүр тодорхой хэмжээний мөнгийг тогтмол хандивлахаар шийдэж, тохиргоо хийдэг (1 Коринт 16:2).

  •   Урьдчилан төлөвлөх: Зарим аргаар хандив өргөхөд урьдчилан төлөвлөх юм уу хууль зүйн зөвлөгөө авах шаардлага гардаг. Ингэж хандив өргөвөл татварын хөнгөлөлт эдлүүлдэг улс байдаг. Хөрөнгөө амьд ахуйдаа болон нас барсан тохиолдолд байгууллагадаа шилжүүлэх талаар урьдчилаад мэдээлэл олж авах нь хэрэгтэй байдаг. Хэрэв та

    •   банкны данс

    •   даатгал болон тэтгэвэр

    •   үл хөдлөх хөрөнгө

    •   хувьцаа, бонд

    •   гэрээслэл, итгэмжлэлийн хэлбэрээр эд хөрөнгөө байгууллагын нэр дээр шилжүүлэхийг хүсвэл нутгийнхаа Еховагийн Гэрчүүдийн үйл ажиллагааг хариуцдаг салбараас лавлаарай.

 Танай улсад ямар аргаар хандив өргөх боломжтойг мэдэхийг хүсвэл «Еховагийн Гэрчүүдэд хандивлах» гэсэн хуудас руу ороорой.

a Гэрч биш зарим хүн манай үйл ажиллагааг дэмжиж сайн дураараа хандив өргөх нь бий.

b Дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл «Цахим хэлбэрээр хандив өргөх арга» гэсэн видеог үзээрэй.