Филиппойчуудад бичсэн захидал 2:1–30

  • Христийн дагалдагч даруу байх (1-4)

  • Христ даруу байж, Бурхан илүү их эрх мэдэл өгсөн (5-11)

  • Аврагдахын тулд хичээж мэрийх (12-18)

    • Гэрэл мэт гэрэлт (15)

  • Тимот Епафродит хоёрыг явуулах (19-30)

2  Хэрэв та нар Христийн дагалдагчийн ёсоор бие биеэ урамшуулан зоригжуулдаг, хайрладаг учраас тайвшруулдаг, бие биедээ санаа тавьдаг, халуун сэтгэлээр хайрладаг, өрөвдөж энэрдэг юм бол  санаа нэгтэй байж, бие биеэ хайрлаж, эв нэгдэлтэй, зорилго нэгтэй байн намайг хагартал баярлуул.  Юуг ч өрсөлдөх сэтгэлээр эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруу байж, бусдыг өөрөөсөө дээр гэж бодож бай.  Зөвхөн өөрийнхөө бус, бусдын эрх ашигт нийцүүл.  Христ Есүстэй адил бодол, хандлагатай бай.  Тэрээр хэдийгээр Бурхантай адил байсан боловч байрыг нь эзэлж, эн зэрэгцэхийг бодоо ч үгүй билээ.  Харин ч байсан бүхнээ орхиод боолтой адил болж, хүн болсон юм.  Түүгээр зогсохгүй, хүн болсон тэрээр өөрийгөө дорд болгосон. Үхэхдээ ч, бүр тарчлаах шонд* хадуулж үхэхдээ дуулгавартай байсан.  Тийм ч учраас Бурхан түүнд өмнөхөөс нь илүү их эрх мэдэл болон бусад бүх нэрнээс илүү эрхэм нэр өгсөн. 10  Ингэснээр (тэнгэр, газар дээрх болон газар доорх) хэн бүхэн Есүсийн эрх мэдлийг* хүлээн зөвшөөрч өвдөг сөгдөнө. 11  Хэл бүр Есүс Христийг Эзэн гэж хүлээн зөвшөөрнө. Үүний дүнд Бурхан Эцэг магтуулна. 12  Хайрт ах дүү нар минь, намайг байхад та нар дуулгавартай байсан, байхгүйд минь ч бүр их дуулгавартай байгаа. Тэгэхээр, аврагдахын тулд Бурхнаасаа эмээж, Бурхнаа хүндэтгэж, улам их хичээж мэрийгээрэй. 13  Учир нь Бурхан та нарт нөлөөлж, таалалд нь нийцдэг бүх юмыг хийх хүсэл төрүүлдэг, хүч чадал хайрладаг. 14  Юу ч хийсэн гоморхолгүй, маргалгүй хий. 15  Ингэвэл та нар амийн үгнээс чанга зуурч, ертөнцөд гэрэл мэт гэрэлтэж, хорон муу, нүгэлт үеийнхний дунд гэм зэмгүй явж, Бурхны хүүхэд болно. 16  Тэгвэл би дэмий гүйгээгүй, дэмий хөдөлмөрлөөгүйдээ Христийн өдөр баярлана. 17  Та бүхэн итгэлдээ хөтлөгдөн Бурханд тахил өргөж, Бурханд үйлчилдэг. Эдгээрийн дээр би өөрийгөө ундаан өргөл болгон өргөж байгаа ч баяртай байна. Би та бүхэнтэй хамт баярладаг. 18  Үүнчлэн, та нар надтай хамт бас баярлаарай. 19  Эзэн Есүс таалан соёрхвол би Тимотыг та нар луу удахгүй явуулах санаатай байна. Тимотоос та нарын талаар сонсож урамшин зоригжино. 20  Та нарт санаа тавьдаг Тимот шиг хүн надад алга. 21  Бусад нь бүгдээрээ Есүс Христийнхийг биш, хувийн ашиг сонирхлоо боддог. 22  Харин Тимот эцэгтэйгээ хамт зүтгэдэг хүү шиг сайн мэдээг түгээхийн тулд надтай хамт зүтгэж, ямар хүн гэдгээ баталсныг та нар мэднэ шүү дээ. 23  Тиймээс юу болохыг харзнаж байгаад мэдмэгцээ түүнийг та нар луу явуулъя гэж бодож байна. 24  Эзэн таалан соёрхвол би өөрөө ч удахгүй очно гэдэгтээ итгэлтэй байна. 25  Харин одоо миний дүү, хамтран зүтгэгч, тэмцэгч бөгөөд надад туслуулахаар явуулсан та нарын төлөөлөгч Епафродитыг буцаах шаардлагатай гэж үзэж байна. 26  Учир нь тэр та нартай уулзахын хүслэн болж байна. Бас та нар түүний өвдсөнийг мэдсэн гээд ихэд шаналж гутарсан. 27  Тэрээр өвдөөд үхэх шахсан нь үнэн. Гэхдээ Бурхан түүнийг энэрсэн юм. Зөвхөн түүнийг биш, намайг бас энэрсэн тул зовлон дээр минь зовлон нэмэгдсэнгүй. 28  Тиймээс түүнийг яаралтай буцааж байгаа минь та нарыг түүнтэй уулзаад баярлаг, зовлон минь нимгэрэг гэснийх юм даа. 29  Эзний дагалдагчдыг хүлээж авдаг шигээ түүнийг баяр баясгалантай хүлээж аваарай. Түүн шиг хүмүүсийг хүндэлж байгаарай. 30  Учир нь Епафродит хол байгаа та нарын өмнөөс надад тусалж, Христийн* үйл хэргийн төлөө амь насаараа дэнчин тавьж байгаад үхлийн ирмэгт тулж очсон.

Зүүлт

Үгийн тайлбарыг үзнэ үү.
Үгч. «нэрийг»
Эсвэл «Эзний» гэсэн бололтой.