Элчүүдийн үйлс 20:1–38

  • Паул Македон, Грек рүү явав (1-6)

  • Тройд Юутух амилав (7-12)

  • Тройгоос Милет рүү (13-16)

  • Паул Эфэсийн ахлагчидтай уулзав (17-38)

    • Айлаар зааж сургав (20)

    • «Авахаас өгөх нь илүү жаргалтай» (35)

20  Үймээн намжихад Паул шавь нарыг дуудан ирүүлж урамшуулан зоригжуулаад салах ёс гүйцэтгэн Македон руу явжээ.  Тэнд очоод олон газраар явж, нутгийн дагалдагчдад үг хэлж урамшуулаад Грек рүү явлаа.  Грект гурван сар болоод усан онгоцоор Сири рүү явах гэж байхдаа иудейчүүд өөрийнх нь эсрэг хуйвалдсаныг мэдээд Македоноор дамжин буцахаар шийдэв.  Берой хотын Пурын хүү Сопатр, Тесалоникийн Аристарх болон Секунд, Дербийн Гаи, Тимот, Ази мужийн Тухик, Трофим нар Паултай хамт замд гарлаа.  Тэд түрүүлж яваад Тройд биднийг хүлээж байв.  Харин бид Исгээгүй талхны баярын дараа усан онгоцоор Филипой хотоос гарч тав дахь өдөр нь Тройд ирж тэдэнтэй хамт долоо хоносон юм.  Долоо хоногийн эхний өдөр биднийг хоол идэхээр цуглаад байхад Паул үг хэлж эхлэв. Тэрээр маргааш нь явах гэж байсан учир шөнө дунд болтол ярив.  Бидний цугласан гурван давхрын өрөөнд олон дэн асаасан байлаа.  Цонхны тавцан дээр сууж байсан Ютух гэгч залуу Паулын ярихыг сонсож байгаад нойрондоо дийлдэн гурван давхраас уначихав. Хүмүүс очоод үзтэл үхсэн байлаа. 10  Гэтэл Паул бууж ирээд өнөөх залуугийн дээр хэвтэж, тэврээд «Үймж сандрах хэрэггүй. Хүү амьд байна» гэж хэллээ. 11  Тэгээд дээш гарч хоол идэв. Дахин хэсэг ярилцаад үүр цайх үед явав. 12  Хүмүүс хүүг амьд байгаад ихэд баярлан түүнийг авч явлаа. 13  Бид түрүүлээд усан онгоцоор Асс руу явж тэндээс Паулыг онгоцондоо суулгах санаатай байлаа. Учир нь Паул ийм заавар өгөөд өөрөө Асс руу явган явсан юм. 14  Асст ирэхэд нь бид түүнийг аваад Митулен рүү явлаа. 15  Маргааш нь тэндээс явж Хиост ойрхон очив. Нөгөөдөр нь Самост, түүний маргааш нь Милетэд ирэв. 16  Болж өгвөл, Тавь дахь өдрийн баяраар Иерусалимд байх гэж Паул яарч байсан тул Ази мужид цаг алдахгүй гэсэндээ Эфэсээр дайралгүй өнгөрч явахаар шийджээ. 17  Гэхдээ Милетээс Эфэс рүү хэл хүргүүлж тэндхийн хурлын ахлагчдыг дуудуулжээ. 18  Тэднийг ирэхэд нь Паул: «Ази мужид анх хөл тавьсан өдрөөсөө эхлэн та нарын дунд ямар байсныг минь та нар сайн мэднэ. 19  Би Эзэнд боол мэт даруухнаар үйлчлэн иудейчүүдийн хуйвалдаанаас болж соригдон нулимс унагаж явахдаа ч 20  та нарт тустай гэсэн болгоныг хэлж ярихаас, олны өмнө мөн айлаар яван зааж сургахаас хойш суугаагүй билээ. 21  Гэмшиж, Бурхан руу эргэж, бидний Эзэн Есүст итгэх учиртайг иудейчүүд, грекчүүдийн хэн хэнд нь сайтар гэрчилсэн. 22  Хэдийгээр би Бурхны агуу хүчээр удирдуулан Иерусалим руу явж байгаа ч надад юу тохиолдохыг одоохондоо мэдэхгүй. 23  Гэвч хоригдож, зовохыг минь хот бүрд Бурхан агуу хүчээрээ надад ойлгуулж байна. 24  Гэвч би замаа дуусгаж, Бурхны нигүүлслийн сайн мэдээг сайтар гэрчлэх буюу Эзэн Есүсийн өгсөн даалгаврыг биелүүлэхийн төлөө амиа юман чинээ бодохгүй явдаг. 25  Хаант төрийн тухай сайн мэдээг надаас сонссон та нарын нэг нь ч намайг дахин хэзээ ч харахгүйг би мэдэж байна. 26  Тиймээс та нарыг гэрчээ болгон, нэг ч хүний үхлийн хариуцлагыг хүлээхгүйгээ мэдэгдэж байна. 27  Би Бурхны санаа зорилгыг та нарт мэдүүлэхээс хойш суусан удаагүй. 28  Өөртөө ч, сүрэгт ч анхаарал тавьж бай. Хүүгийнхээ цусаар зольж авсан хурлаа хариулуулахаар Бурхан та нарыг агуу хүчээрээ ахлагч болгосон. 29  Намайг явсны дараа сүргийг үл энэрэх догшин чононууд та нарын дунд орохыг, 30  бас шавь нарыг өөрсдийнхөө араас дагуулах гэж гажууд зүйлс заах хүн та нарын дундаас гарахыг би мэднэ. 31  Тиймээс сонор сэрэмжтэй бай. Та нарын хүн нэг бүрийг гурван жилийн турш өдөр шөнөгүй уйлан байж сургаж байсныг минь санаж яваарай. 32  Одоо би та нарыг Бурханд, нигүүлслийнх нь үгэнд даатгаж байна. Тэр үг нь та нарыг бэхжүүлж, ариусгагдсан бүх хүнд өвлүүлэх өвийг та нарт бас өгөх чадалтай. 33  Би хэний ч алт мөнгө, хувцас хунарт шунаж явсангүй. 34  Би өөрөө хөдөлмөрлөж өөрийгөө ч, хамт байсан хүмүүсээ ч тэжээснийг та нар өөрсдөө мэднэ. 35  Ингэж нөр их хөдөлмөрлөж байж сул дорой хүмүүст тус болох ёстойг, Эзэн Есүсийн үгийг санаж явах учиртайг би бүх талаар та нарт үлгэрлэн харуулсан. Есүс: “Авахаасаа өгөх нь илүү жаргалтай” гэж хэлсэн билээ» хэмээв. 36  Паул ингэж хэлээд тэдэнтэй хамт сөхрөн сууж залбирлаа. 37  Тэд бүгдээрээ цурхиран уйлж Паулыг тэвэрч, үнсэж байв. 38  Учир нь өөрийг нь дахин хэзээ ч харахгүй гэж хэлсэнд нь тэд шаналж байлаа. Ингээд усан онгоцонд суутал нь хамт явлаа.

Зүүлт