Skip to content

Гарчиг руу орох

Та хүүхдэдээ дагаж явах ямар зам мөр үлдээж байна вэ?

ЭЦЭГ ЭХ

8. Үлгэр дуурайл

8. Үлгэр дуурайл

ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

Хэлж заадаг зүйлээ эцэг эхчүүд өөрсдөө хэрэгжүүлж, үлгэр дуурайл болох шаардлагатай. Жишээ нь, яримааргүй хүн утасдахад «Намайг байхгүй гээд хэлчих» гэхийг тань сонссон хүүхэд үнэнээ хэлдэг болж хүмүүжих нь юу л бол.

«“Миний хийдгийг биш, хэлдгийг хий” гэсэн үг байдаг. Хүүхдэд ингэж хэлээд нэмэргүй. Хүүхдүүд бидний хэлж, хийсэн бүгдийг бүр яг дуурайна. Тэд үг үйлдлийг маань зөрөхийг андахгүй шүү дээ»—Дэйвид.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «“Хулгай бүү хий” гэж сургадаг та яагаад өөрөө хулгай хийдэг юм бэ?» (Ром 2:21).

ЯАГААД ЧУХАЛ БЭ?

Хүүхдүүд, бүр өсвөр насныхан хүртэл хэнээс ч илүү, үе тэнгийнхнээсээ ч илүү аав ээжийгээ даган дуурайдаг. Та хэлж номлодгоо өөрөө биелүүлдэг байж л хүүхдээ зөв тийш нь зална. Та л гол үүрэгтэй гэсэн үг.

«Бид зарим нэг юмыг хүүхдэдээ хэдэн зуу дахин хэлдэг байж болох юм. Хүүхэд маань сонсдог ч юм уу, бүү мэд. Гэтэл хэлснээ ганц л удаа өөрөө хийгээгүй байхад хүүхэд анзаарчихсан байдаг. Хүүхдүүд юу ч мэддэггүй гэж бид боддог. Үнэндээ тэд бидний хийдэг бүхнийг ажиглаж байдаг»—Николь.

БИБЛИЙН ЗАРЧИМ: «Дээрээс ирдэг мэргэн ухаантай хүн ... хоёр нүүр гаргадаггүй» (Яаков 3:17).

ЯАХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Та өөрөө яадгаа бодож үзээрэй. Та чөлөөт цагаараа юу үзэж зугаацдаг вэ? Хань ижил, үр хүүхэдтэйгээ яаж харьцдаг вэ? Найзууд чинь ямар хүмүүс вэ? Та бусдыг боддог уу? Товчхон хэлэхэд, та хүүхдээ өөр шигээ хүн болоосой гэж хүсэж байна уу?

«Нөхөр бид хоёр өөрсдөө сахидаггүй зүйлээ хүүхдүүдээсээ шаарддаггүй»—Кристин.

Алдаа гаргасан бол уучлалт гуйгаарай. Бидний төгс төгөлдөр биш гэдгийг хүүхдүүд мэддэг. Алдаа гаргасан үедээ ханьдаа, хүүхдүүддээ «намайг уучлаарай» гэж хэлдэг бол шударга, даруу занг зааж сургаж байгаа хэрэг юм.

«Хүүхдүүдээсээ уучлалт гуйж, буруу юм хийснээ хүлээдэг бол тэд ч өөрсдийнхөө хийсэн алдааг нууж хаацайлахгүй»—Робин.

«Эцэг эхчүүд бол хүүхдүүддээ хамгийн их үлгэр дуурайл болдог хүмүүс. Бидний үлгэр жишээ хүмүүжлийн хамгийн том зэвсэг. Бас бид тэдний өмнө үргэлж нээлттэй сурах бичиг л гэсэн үг»—Вендель.