Skip to content

Гарчиг руу орох

Найз нөхдийнхөө хүрээг тэлээрэй

Найз нөхдийнхөө хүрээг тэлээрэй

Асуудал юунд байна вэ?

Таалагддаггүй хүмүүсээсээ зай барих тусам тэднийг алаг үздэг болно. Өөртөө сайн ханддаг хүмүүсээр л өөрийгөө хүрээлүүлдэг бол зөвхөн тэр хүрээнийхнийхээ үзэл бодол, сэтгэл мэдрэмж, үйл хэргийг хамгийн зөв гэж үзэх хандлагатай болж мэднэ.

Библийн зарчим

«Зүрхээ өргөнөөр нээ» (2 КОРИНТ 6:13, ЗҮҮЛТ).

Юу гэсэн үг вэ? «Зүрх» гэдгээр бидний сэтгэл мэдрэмж, хайр халамжийг хэлдэг. Хэрэв өөртэйгөө адилхан хүнийг л хайрладаг бол зүрх сэтгэл маань «хаалттай, давчуу» байх болно. Ийм болохгүйн тулд өөрсдөөсөө өөр хүнтэй найзалж нөхөрлөдөг байх хэрэгтэй.

Найз нөхдийнхөө хүрээг тэлэх нь ямар тустай вэ?

Хүнийг таних тусам биднээс өөр байдгийнх нь учрыг мэдэх болно. Дотносохын хэрээр биднээс өөр гэдгийг нь мартана. Тэднийг илүү үнэлж хүндэтгэн зовлон жаргалыг нь ойлгодог болно.

Назарегийн тухай авч үзье. Тэрбээр нэгэн үе цагаачдыг алаг үздэг байв. Энэ үзлээ ялан дийлэхэд юу тус болсон бэ? Назаре: «Би тэдэнтэй дандаа хамт байж, хамт ажилладаг байсан. Тэд хүмүүсийн яриад байдгаас шал өөр хүмүүс байна билээ. Өөр соёлтой хүмүүстэй найзалбал нэгэн хэвийн ойлголтоосоо салж, тэднийг хувь хүнийх нь хувьд хайрлаж хүндэтгэдэг болно» гэжээ.

Яах хэрэгтэй вэ?

Өөр улс орны, өөр үндэстэн ястны, өөр хэл соёлтой хүнтэй ярих боломжийг хайгаарай.

  • Өөрсдийнхөө тухай жаахан ярьж өгөөч гээрэй.

  • Тэднийг урьж хамт хоол идээрэй.

  • Өөрийнхөө талаар ярихад нь сонсож юуг чухалчилдгийг нь олж мэдээрэй.

Үзэж туулсан зүйл нь тухайн хүний зан чанарт нөлөөлдгийг ойлгохыг хичээвэл өөрөөсөө өөр бүлгийн хүний талаар өөдрөг бодолтой болно.