Skip to content

Гарчиг руу орох

ОНЦЛОХ СЭДЭВ | БИБЛИЙГ ОЙЛГОЖ УНШЪЯ ГЭВЭЛ

Библи миний амьдралд ямар ач тустай вэ?

Библи миний амьдралд ямар ач тустай вэ?

Библи бол жирийн ном биш ээ. Энэ бол Бүтээгчээс маань ирсэн заавар юм (2 Тимот 3:16). «Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй» гэж байдаг учраас Библи биднийг өөрчлөх хүчтэй (Еврей 4:12). Библи амьдралыг маань хэрхэн сайжруулдаг вэ? Нэгдүгээрт, өдөр бүр хэрэгжүүлж болох удирдлага заавар өгдөг. Хоёрдугаарт, Бурхны тухай, амлалтуудынх нь тухай мэдэхэд тусалдаг (1 Тимот 4:8; Иаков 4:8).

Өдөр бүр хэрэгжүүлж болох удирдлага заавар. Библи хувийн асуудлыг ч шийдэхэд тусалдаг. Хэрэгжүүлж болох дараах зөвлөгөө бий.

  • Бусадтай харьцахад —Ефес 4:31, 32; 5:22, 25, 28, 33

  • Сэтгэл санаа болон биеийн хувьд эрүүл байхад—Дуулал 37:8; Сургаалт үгс 17:22

  • Ёс суртахууны хэм хэмжээ баримтлахад —1 Коринт 6:9, 10

  • Мөнгө төгрөгний асуудлыг шийдэхэд —Сургаалт үгс 10:4; 28:19; Ефес 4:28 a

Азид амьдардаг нэгэн залуухан хос Библийн зөвлөгөөг их үнэ цэнтэйд үздэг. Бусад залуу хосуудын адилаар тэдэнд санал бодлоо чөлөөтэй хуваалцаж, бие биеийнхээ зан чанарыг таньж мэдэхэд амаргүй байжээ. Харин тэд Библиэс уншсан зүйлээ хэрэгжүүлээд ямар үр дүнд хүрсэн бэ? Нөхөр Висээнт нь: «Хосуудад тулгардаг төвөгтэй асуудлыг хайраар шийдэхэд Библиэс уншсан зүйл маань тусалсан. Библийн зарчмыг хэрэгжүүлснээр бид жаргалтай амьдарч байна» гэжээ. Түүний эхнэр Айналү: «Библид гардаг хүмүүсийн тухай уншсан маань бидэнд тус болсон. Би одоо жаргалтай байна. Гэр бүлийн амьдралдаа сэтгэл хангалуун байж, зорилготой амьдарч явна» гэж ярьсан юм.

Бурхны тухай мэдлэг. Түүнээс гадна Висээнт: «Библи унших тусам би Еховатай улам дотно болж байна» гэсэн юм. Бурхантай танилцахад Библи тусалдаг нь Висээнтийн ярианаас харагдаж байна. Тиймээс Бурхныг зөвхөн ач тустай зөвлөгөө өгдөг төдийхнөөр ойлгож болохгүй. Та Бурхантай анд нөхөр болж болно. Мөн Бурхны амладаг «жинхэнэ амийг» буюу үүрд жаргалтай амьдрах сайхан ирээдүйг үзнэ (1 Тимот 6:19). Библи бол үнэхээр хосгүй ном.

Та Библийг нэг барьж аваад тогтмол уншдаг болчихвол ач тусыг нь хүртэнэ. Амьдрал тань одоо ч сайжирч, та Бурхны тухай мэдлэгтэй болно. Гэхдээ Библи уншаад танд олон асуулт гарч магадгүй. Тэгвэл 2 000 жилийн өмнө амьдарч байсан Етиопын түшмэлийн сайхан жишээг санаарай. Түүнд Судраас уншаад ойлгоогүй зүйл зөндөө байсан. Уншиж байгаагаа ойлгож буй эсэхийг нь асуухад «Хэн нэгэн зааж өгөхгүй бол би хэрхэн ойлгох билээ?» гэдэг. b Тэрбээр Есүсийн эртний шавь, туршлагатай багш Филипээс тусламж авсан (Үйлс 8:30, 31, 34). Та бас Библийн тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл www.dan124.com/mn гэсэн хаягаар орж, онлаинаар хүсэлт гаргах эсвэл энэ сэтгүүлд байгаа хаягаар захидал бичиж болно. Мөн нутагт тань амьдардаг Еховагийн Гэрчүүдтэй холбоо барих юм уу, Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд зочлоорой. Библийг өнөөдрөөс эхлэн уншиж болохгүй нь юу билээ? Таныг хамгийн сайхан амьдрал уруу хөтөлнө.

Библи үнэхээр найдвартай ном уу гэж та бодож байж болох юм. Тэгвэл «Библид итгэж болохын учир юу вэ?» гэсэн богино хэмжээний видео үзээрэй. Та jw.org/mn саит уруу ороод «Хайх» товчийг даран уг видеоны гарчгийг оруулаарай.

a Библид байдаг бусад зөвлөгөөнүүдийг манай jw.org саитаас үзээрэй. БИБЛИЙН СУРГААЛ > БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ гэж орно.

b Энэхүү дугаарын «Зүгээр л нэг буруу ойлголт уу?» гэсэн гарчигтай хэсгийг мөн үзээрэй.