Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

«Езекиел» номын 37-р бүлэгт хоёр савааг нийлүүлсэн тухай гардаг. Энэ нь ямар утгатай вэ?

Израильчууд Амласан газарт буцаж ирээд нэг улс болж нэгдэнэ гэсэн зөгнөлийг Ехова Езекиелээр хэлүүлжээ. Энэ нь бас эцсийн өдрүүдэд хамаатай бөгөөд Еховаг шүтэх хүмүүс нэг улс үндэстэн мэт болохыг зөгнөдөг.

Ехова Езекиелд «Чи нэг савааг өөртөө авч, дээр нь “Иуда болон түүний хамтрагчид болох Израилийн хөвгүүдийн төлөө” хэмээн бич. Тэгээд өөр нэг савааг авч, дээр нь “Ефраимын саваа болох Иосеф ба түүний хамтрагчид болох Израилийн хамаг гэрийн төлөө” хэмээн бич» гэжээ. Езекиел ёсчлон биелүүлснийхээ дараа тэр хоёр саваагаа нийлүүлж барьсан (Езе. 37:15–17).

«Ефраим» нь юуг төлөөлдөг вэ? Арван овогт хойд хаант улсын анхны хаан Иеробоам бол ефраим овгийн хүн юм. Ефраим хамгийн нөлөө бүхий овог болсон байв (Д.хууль 33:13, 17; Х.дээд 11:26). Энэ овог Иосефын хүү Ефраимаас гарчээ (Тоол. 1:32, 33). Иаков өөрийн хөвгүүд дотроос Иосефыг онцгойлон ерөөсөн билээ. Тиймээс арван овогт хаант улсыг төлөөлдөг савааг «Ефраимын саваа» гэсэн нь тохирсон байлаа. Езекиелийг зөгнөлөө бичихээс бүр өмнө, МЭӨ 740 онд арван овогт Израилийн хаант улс Ассирид эзлэгдчихсэн байв (Х.дэд 17:6). Хожим нь Ассирийн эзэнт гүрэн вавилончуудад эзлэгдэхэд тэдгээр израильчуудын ихэнх нь Вавилон даяар тархан суурьшжээ.

Хоёр овогт өмнөд хаант улс МЭӨ 607 онд вавилончуудад олзлогдсон. Бас хойд хаант улсын хүмүүс тэдний дунд байсан бололтой. Хоёр овогт хаант улсын хаад нь Иудагийн удмын хүмүүс байв. Тахилчид Иерусалимын сүмд үйлчилдэг байсан учраас мөн л Иудад амьдардаг байжээ (Ш.дэд 11:13, 14; 34:30). Тиймээс хоёр овогт хаант улсыг Иудагийн төлөө гэсэн саваагаар төлөөлүүлсэн нь оносон юм.

Бэлгэдлийн энэ хоёр саваа хэзээ нийлсэн бэ? МЭӨ 537 онд нийлсэн. Тэр үед израильчууд сүмийг сэргээн барихаар Иерусалимд буцаж ирээд байлаа. Тэдний зарим нь хоёр овогт хаант улсын, зарим нь арван овогт хаант улсын хүмүүс байв. Тэр цагаас хойш израиль үндэстэн дахин хэзээ ч хуваагдаагүй (Езе. 37:21, 22). Ехова Бурхандаа дахин хамт үйлчилдэг болсон. Үүнийг зөнч Иеремиа Исаиа хоёр бас зөгнөсөн байдаг (Ис. 11:12, 13; Иер. 31:1, 6, 31).

Езекиелийн энэ зөгнөл цэвэр шүтлэгийн талаар юу хэлдэг вэ? Ехова шүтэгчдээ нэгтгэнэ гэж амласныг эндээс мэдэж болно (Езе. 37:18, 19). Энэ амлалт өнөө үед биелж байна уу? Тийм ээ, 1919 оноос хойш биелж байна. Тэр үеэс Бурхан үйлчлэгчдээ ард түмэн болгон зохион байгуулж, дахин нэгтгэсэн. Ийнхүү Бурхны ард түмнийг үүрд хуваагдмал байлгах гэсэн Сатаны оролдлого амжилтгүй болсон.

Дахин нэгдсэн хүмүүсийн дийлэнх нь тэнгэрт Есүстэй хамт хаад, тахилч болох ирээдүйтэй байв (Илч. 20:6). Иудагийн төлөө гэсэн саваа тэднийг бэлгэддэг. Яваандаа дэлхийд амьдрах найдвартай хүмүүс энэхүү бэлгэдлийн иудейчүүдтэй олноороо нэгдэх болсон (Зех. 8:23). Иосефын төлөө гэсэн саваа тэднийг бэлгэддэг.

Өнөөдөр энэ хоёр бүлэг Есүс Христээр удирдуулан Ехова Бурхандаа хамтдаа үйлчилж байна. Ехова Есүсийг «Миний зарц Давид» гэсэн байдаг (Езе. 37:24, 25). Есүс бүх дагалдагчийнхаа төлөө Эцэгтээ залбирчээ. Тэрээр Эцэгтэйгээ, Эцэг нь түүнтэй эв нэгдэлтэй байдаг шиг дагалдагчдаа бас нэгдмэл байлгахыг хүссэн ажээ * (Иох. 17:20, 21). Тослогдсон дагалдагчид нь «өөр хонинуудтай» нэгдэж «нэг хоньчинтой нэг хонин сүрэг болохыг» Есүс зөгнөсөн (Иох. 10:16, ШГ). Бурхны ард түмэн ямар найдвартайгаасаа үл хамааран, энэ зөгнөл ёсоор Бурхандаа эв нэгдэлтэй үйлчилж байна!

^ д/м 6 Есүс шавь нартаа эцсийн өдрүүдийн шинж тэмдгийг хэлж өгөхдөө хэдэн ёгт үлгэр ярьжээ. Эхлээд «итгэмжит ухаалаг боолын» тухай ярьсан. Тэд бол Бурхны ард түмнийг удирдах цөөн тооны тослогдсон эрчүүд юм (Мат. 24:45–47). Дараа нь тэнгэрийн найдвартай бүх хүнд хамаатай ёгт үлгэрүүдийг ярьжээ (Мат. 25:1–30). Эцэст нь Христийн ах дүүг дэмжих, дэлхийд амьдрах найдвартай хүмүүсийн тухай ярьсан (Мат. 25:31–46). Үүнтэй адилаар, Езекиелийн зөгнөл тэнгэрт амьдрах найдвартай хүмүүс дээр эхлээд биелжээ. Арван овогт хаант улс нь дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийг заримдаа төлөөлдөг. Тэгэхлээр тослогдогсод болон дэлхий дээр амьдрах найдвартай хүмүүсийн хоорондох нэгдмэл байдлыг Езекиелийн зөгнөлд дүрсэлсэн ажээ.