Хуурамч найз
Хуурамч найз
Та бага залуу байхдаа ийм найзтай болсон байх. Найзтайгаа байхад танд илүү том хүн болсон юм шиг санагдаж, үе тэнгийнхнээсээ дутахааргүй харагддаг байв. Стресст ороод тэр найздаа хандахад таныг дандаа тайвшруулдаг. Ер нь түүнгүйгээр байж чадахгүй л болов уу.
Гэтэл яваандаа тэр найзын чинь муу тал цухалзаж эхлэв. Хаа ч явсан таныг салахгүй дагаж, заримдаа таагүй хүсээгүй газарт чинь хүртэл аваачдаг. Бас тэр найзтайгаа байхад том хүн болсон юм шиг санагдах хэдий ч үүний төлөөс болж, та эрүүл мэндээрээ хохирчээ. Тэр байтугай найз чинь цалингаас чинь хүртэл хулгайлна.
Сүүлийн үед та түүнээс холбоогоо таслах гэж оролдсон ч тэр танаас салахгүй байна гэнэ. Өөрөөр хэлбэл тэр найз чинь таныг бүрэн захирдаг болсон байна. Та одоо түүнтэй найзалсандаа харамсах биз ээ.
ЭНЭ ЖИШЭЭ тамхитай нөхөрлөсөн хүн ямар байдгийг харуулдаг. 50 жил тамхи татсан Эрлин гэдэг эмэгтэй: «Тамхи надад хэнээс ч илүү хань болдог хуучны бөгөөд цорын ганц найз» гэж хэлсэн юм. Гэхдээ тамхи үнэндээ хайрлах сэтгэлгүй хуурамч найз гэдгийг Эрлин ойлгосон байна. Дээр дурдсан жишээ Эрлиний нөхцөл байдлыг тод томруун харуулдаг. Биеийг хордуулдаг энэ хорт зуршил Бурханд таалагддаггүйг мэдээд тэрбээр тамхинаас гарчээ (2 Коринт 7:1).
Фрэнк гэдэг эрэгтэй бас Бурханд таалагдахын тулд тамхинаас гарсан байна. Сүүлчийн тамхиа татаж дуусчихаад маргааш нь энд тэнд шалны завсар зайгаар тамхины иш унасан байна уу гэж хайж эхэлжээ. Тэрбээр: «Өвдөглөж суугаад шороо тоостой холилдон тамхины иш хайж байсан гэж бодохоор өөртөө гутсан. Би дахиж ерөөсөө татаагүй» гэж хэлжээ.
Тамхинаас гарах яагаад хэцүү байдаг вэ? Хэдэн хэдэн шалтгаан байдгийг судлаачид хэлжээ. Нэгдүгээрт, тамхи мансууруулах бодис шиг донтуулдаг. Хоёрдугаарт, тамхинд байдаг никотинийг сорох төдийд буюу долоон секундэд тархинд очдог. Гуравдугаарт, хүмүүс голдуу идэж уухдаа эсвэл хоорондоо ярилцахдаа, стрессээс ангижрах гэсэндээ татдаг тул тамхи амьдралынх нь салшгүй хэсэг болчихдог.
Гэсэн хэдий ч дээр дурдсан Эрлин Фрэнк нарын адилаар энэ донтуулдаг хорт зуршлаас салах боломжтой. Та тамхи татдаг ч тамхинаас гарахыг хүсч байгаа бол сэтгүүлийн маань дараа дараагийн өгүүллийг уншаарай.