Skip to content

ЯРИЛЦЛАГА | АНТОНИО ДЭЛЛА ГАТТА

Санваартан яагаад сүмээ орхив?

Санваартан яагаад сүмээ орхив?

АНТОНИО ДЭЛЛА ГАТТА Ромд есөн жил сурсныхаа дараа 1969 онд санваартан болжээ. Дараа нь Италийн Неаполь хотын ойролцоох католик шашны сургуулийн захирал хийж явжээ. Тэр үедээ маш их судалгаа хийж, нухацтай бодсоны үндсэн дээр католик шашныг Библид үндэслэдэггүйг ойлгосон байна. «Сэрцгээ!» сэтгүүлийнхэн түүнээс ярилцлага авч Бурхныг хэрхэн таньж мэдсэнийг нь асуусан юм.

Хүүхэд насныхаа тухай яриач.

Би 1943 онд Италид төрсөн. Ах эгч дүү нартайгаа хамт жижигхэн тосгонд өссөн юм. Манай аав тариачин, мужаан хүн байсан л даа. Эцэг эх маань биднийг католик шашинд чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүс болгож хүмүүжүүлсэн.

Та яагаад санваартан болсон бэ?

Би жаахан байхдаа сүмд санваартнуудын ярихыг сонсох их дуртай байсан. Тэдний дуу хоолой, сүртэй зан үйл нь сонирхол татдаг байлаа. Тэгээд л санваартан болох хүсэл маань бадарсан юм даа. Тийм болохоор ээж маань намайг 13-тай байхад санваартан болох хүүхдүүдэд зориулсан гүнзгийрүүлсэн сургалттай, дотуур байртай сургуульд оруулсан.

Тэнд Библи судалдаг байсан уу?

Бараг л үгүй. Намайг 15-тай байхад нэг багш маань Есүсийн амьдрал, үйл хэргийн тухай өгүүлдэг Сайн мэдээний ном өгсөн юм. Би тэрийг хэд хэдэн удаа уншсан. Би 18-тайдаа Папын мэдэлд байдаг санваартны дээд сургуулиудад суралцахаар Ром руу явсан юм. Тэнд байхдаа латин, грек хэл, түүх, философи, сэтгэл судлал, шашин судлалын хичээлүүд үздэг байсан. Бүтэн сайны номлол дээр Библийн зүйлүүдийг чанга уншиж, Библийн уншлага сонсдог байсан ч үнэндээ бол Библийг судалдаггүй байсан.

Та захирал болсон гэсэн. Тэр үедээ хичээл заадаг байсан уу?

Би гол нь удирдах ажил хийнэ, гэхдээ бас Ватиканы II Зөвлөлөөс гаргасан тунхаг, тогтоолуудын тухай хичээл заадаг байсан.

Католик сүмд яагаад эргэлздэг болсон бэ?

Миний сэтгэлийг шаналгадаг байсан гурван юм бий. Католик сүм улс төртэй хутгалдана, санваартнууд болон сүсэгтнүүдийнхээ буруу явдалд хүлцэнгүй хандана, бас зарим сургаал нь буруу санагддаг байсан. Жишээлбэл «Хайрын сэтгэлтэй Бурхан хүнийг үхсэнийх нь дараа яаж мөнхөд шийтгэх юм бэ? Бас Бурхан биднийг сарнайн эрхин залбирлыг олон давтаж хэлэхийг үнэхээр хүсдэг гэж үү?» гэж бодогддог байсан. *

Тэгээд та яасан бэ?

Би нулимс дуслуулан байж удирдлага заавар гуйж залбирсан. Бас италиар дөнгөж гарсан католикийн Библийг («The Jerusalem Bible») худалдаж авсан юм. Тэгээд тэрийгээ уншиж эхэлсэн. Дараа нь нэг бүтэн сайны өглөө Масс (магтаал талархлын мөргөл)-ын дараа хувцсаа өлгөөд зогсож байтал манай сургууль дээр хоёр эрэгтэй ирсэн юм. Өөрсдийгөө Еховагийн Гэрчүүд гэж танилцуулсан. Бид цаг гаран Библиэс ярилцаж билээ. Жинхэнэ шашны онцлог шинжийг Библид юу гэж бичсэн байдгийг ярилцсан.

Тэд танд ямар санагдсан бэ?

Тэднийг их итгэлтэй ярьж, үзүүлэх зүйлээ католикийн Библиэс ядах юмгүй олж байгааг нь хараад би биширсэн. Дараа нь Марио гэдэг Гэрч над дээр ирэх боллоо. Марио тэвчээртэй, тууштай хүн. Хагас сайн өдрийн өглөө болгон бороотойд ч, нартайд ч есөн цагт сургуулийн маань хаалганы хонхыг дардаг байлаа.

Тэднийг ирэхэд бусад санваартан яадаг байсан бэ?

Би тэднийг бас хамт ярилцъя гэдэг байсан ч хэн нь ч Библийг нухацтай судлаагүй юм. Харин надад их таалагдсан. Олон сайхан юм сурч мэдсэн. Жишээлбэл Бурхан яагаад муу муухай явдал, зовлон зүдүүрийг хүлцэн тэвчдэгийг мэдэж авсан. Миний олон жил учрыг нь олохгүй, бодож явсан асуулт л даа.

Таны дээр байдаг хүмүүс Библи судлахыг тань болиулах гэж оролдсон уу?

Би тэдэнд үзэл бодлоо тайлбарлахаар 1975 онд Ром руу хэд хэдэн удаа явсан. Тэд миний үзэл бодлыг өөрчлөхийг оролдсон ч хэн нь ч Библиэс яриагүй. Тэгээд би 1976 оны 1-р сарын 9-нд католик шашнаас гарч байгаагаа бичээд Ром руу явуулсан. Хоёр өдрийн дараа ажлаасаа гарч анх удаагаа Еховагийн Гэрчүүдийн цуглаанд суухаар галт тэргээр явлаа. Тэгээд очтол олон хурал нийлсэн чуулган болж байв. Бүх юм нь миний дасаж дадсанаас шал өөр байлаа. Гэрч болгон нь Библитэй, илтгэгчдийг янз бүрийн сэдвээр ярихад нь Библиэсээ дагуулж харж байсан.

Гэрийнхэн тань яаж хүлээж авсан бэ?

Ихэнх нь их уурласан. Гэхдээ би нэг дүүгээ Италийн хойд хэсгийн Ломбарди мужид Гэрчүүдтэй хичээл хийж байгааг нь мэдсэн юм. Тэгээд дүүтэйгээ уулзахаар явлаа. Тэндхийн Гэрчүүд надад хийх ажил, амьдрах байр олоход минь тусалсан юм. Дараа жил нь би баптисм хүртэж Еховагийн Гэрч болсон доо.

Би одоо л Бурхантай жинхэнээсээ дотносож байна

Та одоо харамсдаг уу?

Ерөөсөө харамсдаггүй! Би одоо л Бурхантай жинхэнээсээ дотносож байна. Яагаад гэвэл Бурхны талаарх мэдлэг маань философи юм уу сүмийн ёс заншилд үндэслээгүй. Харин Библид үндэслэсэн. Тийм болохоор би бусдад чин сэтгэлээсээ, итгэлтэй зааж чадна.

^ д/м 13 Эдгээр болон бусад асуултад Библи тодорхой хариулдаг. БИБЛИЙН СУРГААЛ > БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ гэж орно уу.