Skip to content

Гарчиг руу орох

Манай архиваас...

Түүхийн үнэт өвөө хадгалах нь

Түүхийн үнэт өвөө хадгалах нь

ЕХОВАГИЙН ард түмэн арвин баялаг түүхтэй. Үүнийг манай ном хэвлэл төдийгүй шүтлэг мөргөл, дэлгэрүүлэх ажил, үүх түүхтэй холбоотой гэрэл зураг, захидал, эд хэрэглэл, хувь хүний бичиж тэмдэглэсэн зүйлээс мэдэж болно. Эдгээр материалыг хадгалж, өнгөрснөө судлах нь ямар ашигтай вэ? Эртний Израильд эцгүүд нь хөвгүүддээ Еховагийн хууль болоод гайхалтай үйлсийнх нь тухай ярьж өгөх ёстой байв. Ингэвэл хөвгүүд нь «Бурханд итгэлээ өгөх» байжээ (Дуу. 78:1–7).

Еховагийн санаа зорилго хэрэгжихэд архивын баримт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн түүхтэй. Жишээ нь, эсэргүүцэгчид Иерусалимын сүмийг сэргээн барих ажлыг зогсоохыг оролдоход Дариус хааны тушаалаар Медийн нийслэл Екбатана дахь архивт эрэл хайгуул хийсэн. Тэгтэл Бурхны сүмийг дахин барихыг Кореш хаан зөвшөөрсөн тухай тодорхой баримт олджээ (Езр. 6:1–4, 12). Ийнхүү сүм Бурхны хүсэл тааллын дагуу баригдсан. Евангели бичигч Лук ч мөн адил архивын баримт ашиглан «бүгдийг эхнээс нь нягтлан судалсан» (Лук 1:1–4).

Удирдах Зөвлөл Еховагийн Гэрчүүдийн түүхэн замналыг онцгой анхаардаг. Сүнслэг өвийг хадгалах, баримтжуулах, хойч үедээ дамжуулахын чухлыг Удирдах Зөвлөлийн нэг гишүүн онцолж «Бид хаашаа явж байгаагаа мэдэхийн тулд хаанаас ирснээ мэдэх хэрэгтэй» гэж хэлжээ. Энэ зорилгоор саяхан Нью-Йоркийн Бруклин дэх манай байгууллагын төвд Зохиогчийн хорооны харьяа Архив байгуулагдлаа.

«ГЭР БҮЛИЙН ЦОМОГ» БА «УДАМ ДАМЖСАН ӨВ»

Цаг хугацаа өнгөрч бүх юм түүх болон үлддэг. Дурсамж болж үлдэх зүйлийг хадгалах минь яав даа гэж ихэнх хүн харамсах нь бий. Арвижиж буй баялаг өв хөрөнгөө хадгалж, баримтжуулах ажил Архивт одоо ид өрнөж байна. Тэнд нямбай хадгалагдсан гэрэл зургуудыг манай «гэр бүлийн цомгийн» нэг хэсэг гэж үзэж болно. Үнэний замаар замнасан хүмүүсийн тухай сэтгэл хөдөлгөм түүх, хуучны ном хэвлэлүүд, үнэлж баршгүй дурсгалт зүйлс ч манай архивын сан хөмрөгт бий. Энэ бүхэн Еховагийн Гэрчүүдийн түүхэн замналыг мэдэж авахад төдийгүй сүнслэг гэр бүлийнхээ ирээдүйг итгэлтэйгээр харахад тусалдаг «удам дамжсан өв» юм.

«Манай архиваас» гэдэг шинэ булангаараа бид та бүхнийг Зохиогчийн хорооны дэргэдэх Архивтай танилцуулж байна. Энэ булан «Харуулын цамхаг» сэтгүүлийн судлах хувилбарт үе үе нийтлэгдэх болно. Дараагийн дугаарт, Доон Мобайл гэж юу болох, хэн, хэзээ, ямар зорилгоор хэрэглэж байсныг тайлбарлах үүднээс зурагтай мэдээ баримт нийтэлнэ.

Манай Архивын цуглуулга гэр бүлийн цомгийн адилаар ихийг хэлж өгдөг. Өмнөх үеийн маань хүмүүс ямар их итгэлтэй, зоригтой байсныг, хайртай тэнгэрийн Эцэгтээ хэчнээн их баяр хөөртэй үйлчилж, бэрхшээл саадыг даван туулсныг, мөн Бурхан ард түмнээ хэрхэн удирдаж, үнэнчээр дэмжиж байсныг өгүүлдэг (Д.хууль 33:27). Хүсэл тааллыг нь эв нэгдэлтэй, урам зоригтой биелүүлэхийн тулд байгууллагын түүхийн баримт сэлтийг хадгалах гэж хичээж байгааг маань Ехова ивээнэ гэдэгт итгэл дүүрэн байна.

[31-р хуудасны хавсралт/​зураг]

Архивын үйл ажиллагаа

Манай зохиогч, зураач, судлаачид байгууллагын ном хэвлэл, DVD болон Библид үндэслэсэн бусад материалыг бэлдэхдээ архивын сан хөмрөгөөс мэдээлэл авдаг. Зохиогчийн хорооны харьяа Архив нь салбарууд, Бетелийн тасгууд, хурлууд, хувь хүмүүс болон албан байгууллагуудаас түүхийн баримт материалыг цуглуулж, хадгалах асуудлыг ихээхэн анхаарч, дорвитой арга хэмжээ авч байна. Архивын үйл ажиллагааг тоймлон хүргэе.

Мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх: Архивын цуглуулгад ховор нандин зүйлс нэмэгдсээр байна. Үе дамжин Еховад олон арван жил үнэнч үйлчилсэн хүмүүсийн сайхан сэтгэлээр хандивласан юм уу түр хэрэглүүлэхээр өгсөн эд зүйлс олон. Эдгээр материалыг нарийвчлан судалж, хооронд нь харьцуулах нь байгууллагынхаа түүх, тухайн үед амьдарч байсан хүмүүсийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд бидэнд тустай байдаг.

Каталогт оруулах: Бичиг хэргийн архив барагдашгүй олон цуглуулгатай. Зарим нь зуу гаруй жилийн настай. Янз бүрийн хэлбэр, хэмжээ, дүрстэй тэдгээр зүйлийг ирээдүйн судалгааны ажилд зориулан каталогт оруулдаг.

Сэлбэн засварлах: Гэмтсэн ном, эд зүйлийг тусгай технологиор сэргээн засварладаг. Бичиг баримт, гэрэл зураг, сонины хайчилбар, кино хальс, бичлэгийг компьютерт оруулдаг. Энэ нь эх баримт болон түүхийн үнэт зүйлсийг гэмтээхгүй байх ач холбогдолтой.

Хадгалах, хамгаалах: Архивын материалыг үрэгдэж алга болохоос сэргийлэх, гэрэл чийгээс хамгаалахын тулд эмхэлж цэгцлэн, найдвартай хадгалдаг. Эдгээр үнэт эрдэнэсийг хайх, авч ашиглахад компьютерт оруулсан мэдээллийн сан тус болдог.

[32-р хуудасны зураг]

1. «Бүтээлийн тухай фото драм»-ын зурагт хуудас. 2. Хэвлэл захиалгын жагсаалт. 3. Чанга яригчтай машин. 4. 1912 оны 4-р сарын 15-ны «Харуулын цамхаг» сэтгүүлийн нүүр. 5. Ж. Ф. Рутерфордын шоронд хоригдож байх үеийн бүртгэл. 6. WBBR радио станцын микрофон. 7. Эгшигт хайрцаг. 8. Номын чемодан. 9. Хувийн тэмдэглэл. 10. Ж. Ф. Рутерфордод явуулсан цахилгаан.