Skip to content

Гарчиг руу орох

Татвар төлөх хэрэгтэй юү?

Татвар төлөх хэрэгтэй юү?

Татвар төлөх хэрэгтэй юү?

ТАТВАР төлөх дуртай хүн ховор байдаг. Татварт төлсөн мөнгийг нь дэмий үрдэг, зөв юманд зарцуулдаггүй эсвэл завшдаг гэж олон хүн үздэг. Харин зарим хүн ёс зүйд нийцэхгүй гэж үзэн татвар төлөхөөс татгалздаг. Ойрхи Дорнодын нэг хотын оршин суугчид татвар төлөхгүй гэж шийдснийхээ учрыг: «Үр хүүхдийг маань хөнөөх бууны суманд мөнгө өгөхгүй» гэж тайлбарлажээ.

Цөөн тооны хүмүүс л сүүлийн үед ингэж боддог болсон юм биш ээ. Хинди шашны удирдагч агсан Мохандас К. Ганди мөс чанарынхаа улмаас татвар төлдөггүйгээ тайлбарлан: «Цэргийн зохион байгуулалттай төрийг шууд ба шууд бусаар дэмждэг ямар ч хүн нүглийнх нь хамсаатан болдог. Татвар төлөн төр засгийг дэмждэг хөгшин залуу хэн боловч нүгэлд нь оролцож буй хэрэг юм» гэж хэлжээ

Бас XIX зууны гүн ухаантан Торо Генри Дэвид татвар төлөхөөс татгалзан, татварыг цэрэг дайнд зориулдаг нь ёс зүйд нийцэхгүй гэжээ. Тэрбээр: «Иргэн хүн мөс чанараа нэг хором ч атугай үл хэрэгсэн хууль тогтоогчоор шийдвэр гаргуулах ёстой юм бол мөс чанартай байхын хэрэг юу байна вэ?» хэмээн асуужээ.

Энэ асуудал христиануудад бас хамаатай. Учир нь Библи христиан хүнийг аливаа асуудлаар мөс чанараа цэвэр байлгах учиртай гэдэг (2 Тимот 1:3). Бас төр засаг татвар хураах эрхтэйг тайлбарладаг. Библид: «Дээд эрх мэдлүүдэд [хүний төр засаг] хүн бүхэн захирагд. Учир нь Бурханаар тогтоогдсоноос өөр эрх мэдэл гэж байхгүй. Оршин байгаа нь Бурханаар тогтоогдсон юм. Тиймээс зөвхөн уур хилэнгийн улмаас бус, бас мөс чанарынхаа төлөө захирагдах хэрэгтэй. Ийм учраас та нар ч гэсэн татвар төлдөг. Учир нь захирагч нар Бурханы зарц нар бөгөөд энэхүү ажилд өөрсдийгөө зориулдаг юм. Бүгдэд өгөх ёстойгоо өг. Татвар авах ёстой хүнд татвараа ... төл» гэсэн байдаг (Ром 13:1, 5–7).

Тийм учраас I зууны христианууд татварын мөнгөнөөс их хэмжээгээр дайнд зарцуулдгийг мэддэг ч татвар төлдгөөрөө нэр хүндтэй байсан. Орчин үеийн Еховагийн Гэрчүүд ч адилхан. * Энэ ярвигтай асуудалд хэрхэн хандах вэ? Христиан хүн татварын асуудал хөндөгдөхөд мөс чанараа хэрэгсэхгүй байх ёстой юу?

Татвар ба мөс чанар

Сонирхолтой нь, I зууны христианууд татвар төлөх тушаалтай байсан бөгөөд татварын тодорхой хэсгийг цэрэг дайнд зориулдаг байжээ. Яг энэ асуудлаас болж хожим Ганди Торо нар татвар төлөхөөс татгалзаж байсан.

Христианууд «Ром» номын 13 дугаар бүлэгт бичсэн тушаалыг биелүүлдэг байсан нь дан ганц ял шийтгэлээс айдгийнх бус, «мөс чанарынхаа төлөө» байсныг анхаарууштай (Ром 13:5). Тийм ээ, христиан хүн мөс чанарынхаа улмаас татвар төлдөг. Гэхдээ өөрийнх нь сайшаадаггүй үйл хэрэгт татварыг зориулдгийг ч мэддэг. Тэгвэл зөрчилдөөнтэй мэт санагдах энэ асуудлыг ойлгохын тулд мөс чанар буюу үйл хэргийн маань зөв бурууг хэлж өгдөг дотор хүнд хамаатай нэг зүйлийг авч үзье.

Торогийн тэмдэглэсэнчлэн хүн бүр дотор хүнтэй. Гэхдээ дотор хүн үүргээ биелүүлэхдээ алдах нь бий. Бурханд таалагдъя гэвэл мөс чанараа Бурхны тогтоосон ёс суртахууны хэм хэмжээнд нийцүүлэх учиртай. Бурхны бодол санаа хүнийхээс давуу учир бид үзэл бодлоо Бурхныхтай нийцүүлэхийн тулд засаж залруулж байх шаардлагатай (Дуулал 19:7). Тиймээс Бурхан хүний төр засгийг хэрхэн үздэгийг ойлгох хэрэгтэй. Бурхан юу гэж үздэг вэ?

Элч Паул төр засгийг «Бурханы зарц нар» гэсэн байдаг (Ром 13:6). Энэ юу гэсэн үг вэ? Төр засаг нийгмийг эмх журамтай байлгаж, нийгэмд тустай үүрэг гүйцэтгэдгийг ерөнхийд нь хэлжээ. Хээл хахуульд идэгдсэн засгийн газар ч шуудан холбоо, гал команд, боловсрол олгох, хууль сахиулах гэх мэтийн үйлчилгээ үзүүлдэг. Бурхан хүний бий болгосон төр засгийн алдаа дутагдалтайг мэддэг ч оршин байхыг нь тодорхой хугацаагаар зөвшөөрдөг бөгөөд тэднээр хүн төрөлхтнийг удирдуулахаар шийдсэнийг нь хүндэтгэн татвар төлөхийг биднээс хүсдэг.

Гэхдээ Бурхан хүний төр засгийг түр хугацаагаар л байлгана. Бурхан хүний засаглалыг тэнгэрийн Хаанчлалаараа халж, олон зууны турш хүн төрөлхтөнд учруулсан бүхий л хор хохирлыг нь бүрмөсөн арилгахыг хүсдэг (Даниел 2:44; Матай 6:10). Тэр цагийг болтол христиан хүн татвар төлөх гэх мэтээр иргэний үүргээ биелүүлж байхыг Бурхан шаарддаг.

Тэглээ ч гэсэн та Гандийн адилаар, цэрэг дайнд зориулахыг нь мэдсээр байж татвар төлбөл нүгэл үйлдэж байгаа хэрэг гэж бодож байна уу? Хүн өндөр газар гарахлаараа холыг харж чаддаг шиг Бурхны санаа бодол биднийхээс хэр зэрэг давуу болохыг эргэцүүлэн бодвол үзэл бодлоо Бурхныхтай нийцүүлэн өөрчлөхөд амар байх болно. Бурхан зөнч Исаиагаар дамжуулан: «Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ» хэмээсэн (Исаиа 55:8, 9).

Хэмжээгүй эрх мэдэлтэй юү?

Библид бичсэнээр, төр засаг ард иргэдээсээ татвар авах эрхтэй боловч хэмжээгүй эрх мэдэлтэй гэсэн үг биш ээ. Бурхан хүний төр засагт хязгаарлагдмал эрх мэдэл олгосныг Есүс тайлбарласан. Тухайн үед захирч байсан Ромын засгийн газарт татвар төлөх нь Бурхны нүдэнд зөв эсэхийг асуухад Есүс: «Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг» гэсэн нь нарийн учиртай юм (Марк 12:13–17).

«Цезарь» буюу төр засаг зоосон болон цаасан дэвсгэрт гарган, мөнгөний үнэ цэнийг тогтоодог. Тиймээс үүнийгээ татвар хураах маягаар буцаан авах эрхтэй гэж Бурхан үздэг. Гэхдээ Есүс «Бурханы юм» буюу бидний амь нас, шүтлэг мөргөлд хүний ямар ч байгууллага халдах эрхгүйг хэлжээ. Хүний тогтоосон хууль тушаал Бурхны хуультай зөрчилдвөл христианууд «хүнийг дагахаасаа илүү Бурханыг дагах ёстой» (Үйлс 5:29).

Орчин үед ч гэсэн христианууд татварт төлсөн мөнгийг нь юунд зориулдаг бол гэж боддог байж болох юм. Гэхдээ тэд төр засгийн үйл хэргийг эсэргүүцэх юм уу татвар төлөхөөс татгалзах гэх мэтээр үйл ажиллагаанд нь нөлөөлөх эсвэл саад хийхийг оролддоггүй. Хэрэв ингэвэл Бурхан хүн төрөлхтний зовлон бэрхшээлийг шийднэ гэдэгт итгэдэггүй хэрэг болно. Харин тэд Бурхан товлосон цагаа болохлоор «Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш» гэж хэлсэн Хүү Есүсээрээ дамжуулан хүн төрөлхтний үйл хэрэгт оролцоно гэж тэвчээртэй хүлээдэг (Иохан 18:36).

Библийн сургаалыг баримтлахын ач тус

Библийн сургаалыг баримтлан татвар төлөх нь их ач тустай. Хууль зөрчсөн гэж ял шийтгэлд унахгүй, хууль зөрчсөн минь илрэх вий гэж айж түгшихгүй (Ром 13:3–5). Хамгийн гол нь, Бурхны өмнө мөс чанар цэвэр явж, хууль журмыг биелүүлдгээрээ Бурхнаа алдаршуулна. Христиан хүний ашиг орлого татвар төлдөггүй юм уу орлогоо нуун дарагдуулдаг хүмүүсийнхээс бага байж болох ч Бурхан үнэнч үйлчлэгчдийнхээ хэрэгцээг хангана гэдэгт эргэлзэхгүй байж болно. Библийг бичигчдийн нэг Давид: «Би залуугаасаа хөгширтлөө зөв шударга хүн хаягдахыг, үр удам нь талх гуйж байхыг үзээгүй» хэмээн бичжээ (Дуулал 37:25).

Бас нэг ач тус бий. Библийн тушаалыг ойлгож, хэрэгжүүлдэг буюу татвар төлдөг хүн сэтгэл тайван явдаг. Байрны эзэн таны төлсөн түрээсийн мөнгийг юунд ч зарцуулсан, хууль тантай хариуцлага тооцохгүй. Үүнтэй адил, төр засаг таны төлсөн татварыг юунд ч зориулсан, Бурхан үүний хариуцлагыг тантай тооцохгүй. Өмнөд Европт амьдардаг Стильвио гэдэг эрэгтэй Библийн үнэнийг мэдэхээсээ өмнө төр засгийг өөрчлөхийг хүсдэг байсан ч больжээ. Тэрбээр: «Хүн энэ ертөнцөд шударга ёс, амар тайван, эв нэгдлийг тогтоож чадахгүй гэдгийг би ухаарсан юм. Гагцхүү Бурхны Хаанчлал энэ нийгмийг өөрчилж, сайн сайхан болгож чадна» хэмээн хэлжээ.

Хэрэв та «Бурханы юмыг Бурханд өгдөг» үнэнч шударга хүн бол Стильвиогийн адилаар итгэлтэй байж болно. Бурхан дэлхий дахинд шударга засаглалыг тогтоож, хүний засаглалын учруулсан хор хохирол, шударга бус явдлыг арилгах тэр цагийг өөрийн биеэр үзнэ.

[Зүүлт]

^ Еховагийн Гэрчүүд татвараа шударга төлдөгөөрөө хүндэтгэл хүлээдгийг 2002 оны 11-р сарын 1-ний «Харуулын цамхаг»-ийн 5-р хуудасны 15-р догол мөрөөс үзнэ үү.

[14-р хуудасны товчлол]

Бурхны бодол санаа хүнийхээс давуу учир бид үзэл бодлоо Бурхныхтай нийцүүлэхийн тулд засаж залруулж байх шаардлагатай

[15-р хуудасны товчлол]

Татвараа шударгаар төлдөг христиан хүн Бурхныхаа өмнө мөс чанар цэвэр байж, Бурхан хэрэгцээг нь хангана гэдэгт итгэдгээ харуулдаг

[14-р хуудасны зураг]

«Цезарийн юмыг Цезарьт өг. Бурханы юмыг Бурханд өг»

[Зураг эзэмшигч]

Copyright British Museum