Skip to content

Гарчиг руу орох

Есүст залбирах нь зөв үү?

Есүст залбирах нь зөв үү?

Х РИСТИЙН шашны арав гаруй урсгалын залуучуудаас «Есүс залбиралд хариулдаг уу?» гэж асуужээ. Санал асуулгад оролцсон 800-аад хүний 60 гаруй хувь нь «Тийм» гэж итгэлтэй хариулсан байна. Сонирхолтой нь, «Есүс» гэснийг дараад «Бурхан» гэж бичсэн хүн байжээ.

Таны бодлоор хэнд залбирах нь зөв бэ? Есүст үү, Бурханд уу? * Есүс хэнд залбирч бай гэж шавь нартаа заасан бэ?

ЕСҮС ХЭНД ЗАЛБИРАХЫГ ЗААСАН БЭ?

Есүс хэнд залбирахыг зааж байсан төдийгүй, өөрөө ч тийн залбирдаг байсан.

Есүс тэнгэрийн Эцэгтээ залбирдаг байсан нь бидэнд дууриавал зохих жишээ болдог

СУРГААЛ: Нэг шавь нь Есүст «Хэрхэн залбирахыг ... бидэнд зааж өгөөч» гэж хэлдэг. Тэгэхэд Есүс: «Та нар залбирахдаа “Эцэг” ... гэж хэл» гэсэн (Лук 11:1, 2, 4). Бас алдарт «Ууланд айлдсан номлол»-доо яаж залбирахыг зааж өгсөн. Тэрбээр: «Эцэгтээ залбир» гээд «Эцэг тань та нарт юу хэрэгтэй байгааг гуйхаас чинь өмнө мэддэг» гэж хэлжээ (Матай 6:6, 8). Есүс нас барахаасаа өмнөх шөнө шавь нартаа «Та нар Миний нэрээр Эцгээс минь юу ч гуйвал Тэр түүнийг чинь өгнө» гэсэн (Иохан 16:23). Есүс өөрийн Эцэг, бас бидний Эцэг Ехова Бурханд залбирахыг заадаг байжээ (Иохан 20:17).

ҮЛГЭР ЖИШЭЭ: Есүс бусдад заадаг байсан шигээ өөрөө ч Эцэгтээ залбирдаг байсан. Тэрбээр: «Тэнгэр газрын Эзэн, Эцэг Таныгаа Би магтъя» гэжээ (Лук 10:21). Бас «Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна» гэсэн байдаг (Иохан 11:41). Амьсгал хураахаасаа өмнөхөн «Аав аа, Таны гарт би сүнсээ даатгая» гэж хэлдэг (Лук 23:46). Есүс «Тэнгэр газрын Эзэн», Эцэгтээ залбирдаг байсан нь дууриавал зохих жишээ болдог (Матай 11:25; 26:41, 42; 1 Иохан 2:6). Шавь нар нь Есүсийн зааснаар залбирдаг байсан болов уу?

ЕСҮСИЙН АНХНЫ ШАВЬ НАР ХЭНД ЗАЛБИРДАГ БАЙСАН БЭ?

Есүсийг тэнгэр өөд буцаад удаагүй байтал хүмүүс шавь нарыг нь айлган сүрдүүлж, хавчих болжээ (Үйлс 4:18). Тэгэхэд тэд тусламж гуйн залбирчээ. Хэнд хандсан бэ? «Бурханд нэгэн санаагаар өндөр дуугаар» «[Бурхны] ариун зарц Есүсийн нэрээр» залбирдаг (Үйлс 4:24, 30). Есүсийн зааснаар, өөрт нь биш, Бурханд залбирсан.

Хожим нь, элч Паул итгэл нэгтнүүддээ илгээсэн захидалдаа хэнд залбирдаг тухайгаа дурдсан. Тэрбээр: «Бидний Эзэн Есүс Христийн Эцэг Бурханд бид та нарын төлөө үргэлж залбиран талархал өргөдөг» хэмээжээ (Колоссай 1:3). Бас «Бурхан болон Эцэгт бүхний төлөө бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал өргө» гэж захисан (Ефес 5:20). Тэгэхлээр, Паул «Бурхан болон Эцэгт бүхний төлөө», Есүсийн нэрээр залбирч байхыг бусдадаа уриалжээ (Колоссай 3:17).

Анхны шавь нарынх нь адилаар бид Есүст хайртай болохоор захиасыг нь биелүүлдэг (Иохан 14:15). Зөвхөн тэнгэрийн Эцэгтээ залбирдаг бол Дуулал 116:1, 2-д байдаг үг бүр ч утга учиртай болно. «Би ЭЗЭНд хайртай. Учир нь Тэр миний дуу хоолойг, гуйлтыг минь сонсдог. ... Би амьд байх хугацаандаа [Түүнийг] дуудах болно». *

^ д/м 3 Библид бичсэнээр, Бурхан Есүс хоёр эн тэнцүү биш юм. Илүү ихийг мэдэхийг хүсвэл Еховагийн Гэрчүүдийн гаргасан «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 4-р бүлгээс үзнэ үү. www.dan124.com/mn сайтаас татаж авах боломжтой.

^ д/м 11 Залбирлыг тань Бурхан сонсоосой гэж хүсэж байвал шаардлагынх нь дагуу амьдрахыг хичээх хэрэгтэй. Илүү ихийг мэдэхийг хүсвэл «Библийн сургаалыг зөв ойлгох нь» номын 17-р бүлгээс үзнэ үү.