Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 1

«Би гээгдсэнийг хайна»

«Би гээгдсэнийг хайна»

Хонь төөрчээ. Бэлчээрт идээшилж яваад сүргээсээ холдчихож. Нэг хартал хоньчин нь ч, сүрэг нь ч алга байв. Нар жаргах дөхөж байдаг. Зэрлэг араатан их явдаг хөндийд төөрсөн энэ хонь яах ч учраа олдоггүй. Эцэст нь нэг танил дуу, хоньчных нь дуу сонсдох нь тэр. Хонио харсан хоньчин гүйн очиж, тэврэн авч гэртээ харилаа.

ЕХОВА өөрийгөө олон удаа хоньчинтой зүйрлэсэн байдаг. Тэрбээр: «Би Өөрийн хонинуудыг Өөрөө бэдэрч, тэднийг олох болно» гэж баттайяа хэлдэг (Езекиел 34:11, 12).

«Миний бэлчээрийн хонинууд»

Хэнийг Еховагийн хонь гэх вэ? Товчхондоо, Еховаг хайрлаж шүтдэг бүх хүнийг хэлдэг. Библид «Ирэгтүн, мөргөж, бөхийн биднийг бүтээгч ЭЗЭНий өмнө өвдөг сөгдөцгөөе. Учир нь ЭЗЭН бол бидний Бурхан бөгөөд бид Түүний хариулдаг хүмүүс, Түүний мутрын хонин сүрэг юм» гэсэн байдаг (Дуулал 95:6, 7). Хоньчноо дагадаг хонь адил, үйлчлэгчид нь Еховаг дагахыг хүсдэг. Тэд ямар ч алдаа гаргадаггүй хүмүүс үү? Үгүй ээ. Бурхны үйлчлэгчид заримдаа хонь адил «тардаг», «алдагддаг», «төөрдөг» (Езекиел 34:12; Матай 15:24; 1 Петр 2:25). Гэхдээ өөрийг нь орхиод явсан хүнийг Ехова ямар ч найдваргүй гэж үздэггүй.

Та Еховаг одоо ч гэсэн Хоньчноо гэж боддог уу? Ехова Хоньчин гэдгээ хэрхэн баталдаг вэ? Гурван аргыг авч үзье.

Биднийг тэжээдэг. «Би тэднийг сайн бэлчээрт тэжээнэ. ... Тэд сайн бэлчээрт хэвтэж, ... арвин бэлчээрт идээшлэх болно» гэж Ехова хэлдэг (Езекиел 34:14). Ехова биднийг сэтгэл сэргээм, цагаа олсон хоол ундаар хэзээд хангадаг. Та ном хэвлэл уншаад, илтгэл сонсоод, байгууллагын гаргасан видео үзээд залбирлынхаа хариуг авч байсан уу? Хэрэв тийм бол таныг гэсэн Еховагийн сэтгэлийг та ойлгосон биз ээ.

Биднийг хамгаалж дэмждэг. «Би гээгдсэнийг хайж, тараагдсаныг буцааж, гэмтсэнийг бооно» гэж Ехова амладаг (Езекиел 34:16). Санаа нь ихэд зовсон, тамир тэнхээгүй болсон хүнийг Ехова босгодог. Итгэл нэгтэндээ гомдоод сэтгэл нь шархалсан хүнийг ч эдгээдэг. Таагүй бодолд автсан, төөрөөд явж байгаа хүнийг буцааж авчирдаг.

Биднийг зөнд нь орхидоггүй. Ехова: «Би Өөрийн хонинуудын төлөө санаа тавьж, үүлтэй болон бүрэнхий өдрөөр тарсан хамаг газруудаас нь тэднийг аврах болно. ... Би гээгдсэнийг хайна» гэж амладаг (Езекиел 34:12, 16). Ехова алдагдсан хонио олдохоосоо өнгөрсөн гэж үздэггүй. Хонь нь алга болсон бол хайдаг. Олохлоороо баярладаг (Матай 18:12–14). Өөрийг нь чин сэтгэлээсээ шүтдэг хүмүүсийг «Миний хонинууд, Миний бэлчээрийн хонинууд» гэдэг (Езекиел 34:31). Та бол тэдгээр хонины нэг билээ.

Ехова алдагдсан хонио олдохоосоо өнгөрсөн гэж үздэггүй. Хонио олоод баярладаг

«ЭЗЭН рүү буцацгаая»

Ехова яагаад таныг хайж, эргээд ир гэдэг вэ? Таныг жаргалтай байгаасай гэж хүсдэг. Хоньдынхоо төлөө ивээлийг бороо адил асгана гэж амладаг (Езекиел 34:26). Энэ бол хоосон амлалт биш ээ. Баталгааг нь та өөрийн биеэр үзсэн шүү дээ.

Еховатай хэрхэн танилцсанаа эргэн санаарай. Жишээ нь, Бурхны нэрийг, хүн төрөлхтний талаарх санаа зорилгыг нь мэдээд танд ямар санагдсан бэ? Итгэл нэгтнүүдтэйгээ хамт чуулганд суугаад хэчнээн их сэтгэл сэргэж байснаа санаж байна уу? Чин сэтгэлээсээ сонирхсон хүнд сайн мэдээ хүргээд гэртээ баяр хөөртэй, сэтгэл тэнүүн харьж байснаа санаж байна уу?

Урьдынх шигээ баяр хөөртэй болох боломж танд бий. Бурхны эртний үйлчлэгчид: «ЭЗЭН рүү буцацгаая» гэж залбирчээ (Иеремиагийн гашуудал 3:40). Ехова залбиралд нь хариулахад ард түмэн нь урьдын адил баяр хөөртэйгөөр үйлчлэх болсон (Нехемиа 8:17). Ехова танд ч тусална.

Еховад эргээд ирнэ гэдэг бодсоноос хэцүү байж болох юм. Ямар ямар бэрхшээл тулгардгийг, тэдгээрийг яаж давах тухай дараа дараагийн хэсгээс авч үзье.