Skip to content

Гарчиг руу орох

ХЭСЭГ 4

ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАХ—«Нүглээс минь намайг цэвэрлээч»

ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАХ—«Нүглээс минь намайг цэвэрлээч»

«Шинэ ажилд ороод амьдрал маань дээшилсэн л дээ. Гэхдээ би христиан хүнд зохисгүй янз бүрийн үйл хэрэгт оролцох болсон. Баяр тэмдэглэж, улс төрд оролцож, бүр сүмд явдаг болсон. Би 40 жил Гэрч биш юм шиг л явлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам, Ехова намайг уучлахаасаа өнгөрсөн дөө гэж бодож байв. Би мэдсээр байж буруу замаар орсон учраас өөрийгөө ерөөсөө уучилж чадахгүй байсан»—Марта.

ӨӨРИЙГӨӨ буруутгах нь хүнд ачаанд дарагдахтай адил юм. «Миний гэм буруу толгойгоос минь давжээ. Хүнд ачаа мэт тэд надад даагдахгүй байна» хэмээн Давид хаан бичжээ (Дуулал 38:4). Ехова нүглийг нь хэзээ ч уучлахгүй гэж бодоод зарим христиан хэт их шаналдаг (2 Коринт 2:7). Ингэж бодох нь зөв үү? Ноцтой нүгэл үйлдсэн болохоор Ехова таныг хэзээ ч уучлахгүй гэсэн үг үү? Үгүй ээ!

«Хамт хэлэлцье»

Гэмшсэн хүнийг Ехова орхидоггүй. Харин ч хайдаг! Гэр орноо орхин явж буруу замаар орсон хүүгийн тухай ёгт үлгэр Есүс ярьдаг. Тэр ёгт үлгэрт гардаг хайр халамжтай эцгийг Еховатай зүйрлэсэн. Хожим нь, хүү нь гэртээ эргээд ирэхэд «эцэг нь түүнийг холоос хараад, ихэд өрөвдөн гүйн ирж, тэврээд үнсэв» (Лук 15:11–20). Еховатай эргээд дотносмоор байдаг, гэтэл түүнээс «хол» байгаа юм шиг санагддаг уу? Ёгт үлгэрт гардаг эцгийн адилаар Ехова таныг өрөвддөг. Таныг эргээд ирвэл дуртайяа угтан авна.

Олон удаа ноцтой нүгэл үйлдэж, Еховагийн уучлалыг хүлээхээсээ өнгөрсөн гэж боддог бол юуг санах хэрэгтэй вэ? Исаиа 1:18-д бичсэн Еховагийн үгийг авч үзье. «“Нааш ир. Хамт хэлэлцье” гэж ЭЗЭН айлдаж байна. “Та нарын нүглүүд час улаан мэт боловч цас шиг цагаан болно”». Цагаан хувцсан дээрх арилшгүй улаан толбо шиг нүглийг ч Ехова уучилж чаддаг.

Таныг өөрийгөө буруутгаж, шаналаасай гэж Ехова хүсдэггүй. Бурхны өршөөлийг хүртэж, өөрийгөө буруутгахаа больё гэвэл яах хэрэгтэй вэ? Давид хаан ямар хоёр алхам хийснийг авч үзье. Нэгдүгээрт, «ЭЗЭНд алдаа зөрчлөө хүлээсэн» (Дуулал 32:5). Ехова таныг өөрт нь залбирч «хамт хэлэлцээсэй» гэж хүсдэгийг санаарай. Тийм учраас Еховад нүглээ илчилж, сэтгэлээ уудлан залбираарай. Давид: «Нүглээс минь намайг цэвэрлээч. ... Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй» хэмээн итгэлтэй залбирсан (Дуулал 51:2, 17).

Хоёрдугаарт, Давид Бурхны төлөөлөгч Натанаас тусламж авсан (2 Самуел 12:13). Орчин үед Ехова хуралд ахлагчдыг томилдог. Тэд гэмшсэн нүгэлтнийг Еховатай эвлэрүүлдэг. Ахлагчдад хандвал тэд Библиэс уншиж өгч, таны төлөө чин сэтгэлээсээ залбирч, сэтгэлийг тань амрааж тайвшруулна. Бас Еховатай эргээд дотносоход тань тусална (Иаков 5:14–16).

Ехова таныг өршөөлийг нь хүртэж, өөрийгөө буруутгахаа болиосой гэж хүсдэг

«Алдаа зөрчил нь уучлагдсан ... нэгэн юутай ерөөлтэй вэ!»

Ехова Бурхан болон ахлагчдад нүглээ илчлэх нь их хэцүү байж болох юм. Давидад ч гэсэн хэцүү байсан бололтой. Тэрбээр хэсэг хугацаанд нүглээ илчлэлгүй «дуугүй байсан» (Дуулал 32:3). Гэвч хожим нь, нүглээ илчилж үнэн голоосоо гэмшвэл өөрт нь л сайн гэдгийг ойлгожээ.

Давид урьдынх шигээ баяр хөөртэй болсон. Тэрбээр: «Алдаа зөрчил нь уучлагдсан бөгөөд нүгэл нь далдлагдсан нэгэн юутай ерөөлтэй вэ!» гэж бичжээ (Дуулал 32:1). Бас «ЭЗЭН, миний ам Таны магтаалыг тунхаглахын тулд миний уруулыг нээгээч» хэмээн залбирсан (Дуулал 51:15). Давид өөрийгөө буруутгахаа больжээ. Өршөөл энэрэл хүртсэндээ баярлаж, бусдад Еховагийн тухай ярих урам зоригтой болсон.

Ехова таныг ч гэсэн өршөөлийг нь хүртэж, өөрийгөө буруутгахаа болиосой гэж хүсдэг. Бусдад өөрийнх нь тухай, санаа зорилгынх нь тухай сэтгэлдээ гуниг тээгээд биш, харин баяр хөөртэйгөөр, чин сэтгэлээсээ тунхаглаасай гэж хүсдэг (Дуулал 65:1–4). «Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирнэ» гэснийг санаарай (Үйлс 3:19).

Мартад ч ийм юм тохиолджээ. Тэрбээр: «Хүү маань “Харуулын цамхаг” “Сэрцгээ!” сэтгүүл илгээдэг байсан юм. Би бага багаар Еховатай дахин танилцаж билээ. Хийсэн бүх нүглээ илчлэх хамгийн хэцүү байсан. Гэхдээ би Бурханд залбирч уучлалт гуйсан юм. Еховаг орхиж яваад 40 жил болсон гээд бод доо! Олон жилийн дараа ч Бурхандаа үйлчилж, хайран дотор нь байх боломж дахин олдож болдгийг би биеэрээ амссан» хэмээн ярьсан юм.