Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Амьдралыг өөрчилдөг цэгүүд

Амьдралыг өөрчилдөг цэгүүд

2021 ОНЫ 10-Р САРЫН 1

 «Манай уншигчдын дунд хараагүй хүмүүсийг мэддэг хүн олон байгаа байх. Тэд нар ч гэсэн унших материалыг үнэ төлбөргүй авах эрхтэй. ... Энэхүү хэвлэл нь хараагүй хүмүүсийн уншиж чадах товгор үсгээр хэвлэгдсэн. Дэлхий даяараа гайхамшигт ивээл хүртэх агуу өдрийн тухай мэдээг олон хараагүй хүн талархан хүлээн авч байна» гэж 1912 оны 6 дугаар сарын 1-ний «Харуулын цамхаг» сэтгүүлд бичжээ.

 Эдгээр үгийг бичиж байх тэр үед англи брайл үсгийн стандарт хараахан батлагдаагүй байв. Харин Еховагийн Гэрчүүд Библийн үнэнийг «товгор үсэг» буюу брайлаар аль хэдийн хэвлээд эхэлчихсэн байжээ. Одоо ч мөн ялгаагүй! Бид нар 50 гаруй хэлээр гарсан брайл хэвлэлтэй болчихоод байна. Яаж гаргадаг вэ?

Брайл үсэг нэгээс зургаан ширхэг товойлгосон цэгээс бүрддэг. Үсэг бүрийг зургаан нүдтэй дөрвөлжинд бичдэг

Брайлаар буулгах ба хэвлэх

 Эхний алхам бол текстийг брайл үсэг рүү буулгах. «Өмнө нь бид нар брайл үсэг рүү хөрвүүлэхдээ гадуур худалдаалагддаг программ хангамжийг ашигладаг байсан. Даанч олон хэлээр буулгах гэхээр тохирдоггүй байлаа. Харин одоо “Харуулын цамхаг орчуулгын систем” (Watchtower Translation System) гэдэг өөрийн гэсэн программтай болсон учраас дэлхийн олон хэлний брайл үсэг рүү чөлөөтэй хөрвүүлж байна. Өөр хаана ч ийм программ байхгүй гэдгийг би баттай хэлж чадна» хэмээн Нью-Йоркийн Паттерсон дахь Текст боловсруулах хэлтэст ажилладаг Майкл Миллен хэлжээ.

 Брайл хэвлэлийг зөвхөн текст хэлбэрээр гаргаад зогсохгүй, зургийг нь дүрслэн бичсэн байдаг. Жишээлбэл «Үүрд жаргалтай амьдраарай!» номын брайл хувилбарын хавтасны зургийг дараах байдлаар дүрслэн бичжээ. «Нэгэн эрэгтэй үзэсгэлэнтэй уул толгод, ургамал ногоон дундах тахир муруй замаар алхаж байна». Эхлэгч, туслах үйлчлэгч Яамшэд гэдэг хараагүй ах ингэж хэлжээ. «Зургийн дүрслэлүүд миний хувьд үнэхээр үнэ цэнтэй».

 Текстийг буулгасныхаа дараа файлаа брайл үсгээр хэвлэдэг салбарууд руу явуулна. Тэдгээр салбарт дахин дахин хэрэглэсэн ч хэлбэрээ алдахааргүй, цоорохгүй бат бөх цаасан дээр товойлгон хэвлэдэг. Дараа нь хуудаснуудаа цуглуулан, нуруулдаж үдээд бусад хэвлэлийн хамт хурлууд руу явуулна. Эсвэл хараагүйчүүдэд үнэгүй хүргэдэг үйлчилгээ байдаг бол шуудангаар илгээнэ. Хэрэв шаардлагатай бол салбарууд шуурхай хүргэлтийн ажлыг зохион байгуулснаар хараагүй болон харааны бэрхшээлтэй ах дүү маань цуглаанд хэрэгтэй хэвлэлүүдээ хүлээж авдаг.

 Энэ бүх ажилд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулдаг. Нью-Йоркийн Уолкилл дахь хэвлэх үйлдвэрт 50 000 ширхэг жирийн Библийг хэвлэх тэр хугацаанд 2-хон ширхэг брайл Библи хэвлэгдэн гардаг. Англи брайл Библи 25 ботиос бүрддэг. Боть бүрд ордог материал нь жирийн Библид ордог материалаас 123 дахин үнэтэй! Тэдгээрийн зөвхөн хавтсанд нь л гэхэд 150 доллар зарцуулдаг.

Англи брайл үсгээр хэвлэсэн «Шинэ ертөнц орчуулга» 25 ботиос бүрддэг!

 Брайл хэвлэл гаргахад оролцдог хүмүүсийн сэтгэгдлээс сонирхъё. Өмнөд Африк салбарт ажилладаг Надя: «Хараагүй болон харааны бэрхшээлтэй ах дүүсийн маань амьдрал тийм ч амар байдаггүй. Тийм учраас би тэдэнд туслах ажил хийж байгаагаа ивээл гэж үздэг. Энэ ажил бол Ехова тэднийг маань ямар их хайрладгийн баталгаа юм» хэмээн хэлжээ.

«Брайлаар уншиж сурцгаая»

 Хэрвээ тухайн хараагүй хүн брайлаар уншиж чаддаггүй бол яах вэ? Хэдэн жилийн өмнө манай байгууллага ердийн болон брайл текстийг хамтад нь оруулсан «Брайлаар уншиж сурцгаая» гэдэг сурах бичгийг гаргасан. Хараатай болон хараагүй хүн хамтдаа ашиглах зориулалттай. Тус товхимлыг брайлаар бичих хэрэгслүүд дагалдана. Брайл үсэг сурч байгаа хүн тэдгээр хэрэгслийг ашиглаад үсэг бүрийг өөрөө товойлгон бичиж сурдаг. Ингэж товойлгон бичих дасгал хийснээр ой тойнд нь амархан тогтож, гараараа тэмтрэн үсгээ таньж чаддаг болно.

«Би үнэхээр “донтсон”»

 Хараагүй болон харааны бэрхшээлтэй ах дүүс маань эдгээр хэвлэлийн талаар ямар сэтгэгдэлтэй байдаг бол? Хаитид амьдардаг Эрнст цуглаанд тогтмол явдаг байсан хэдий ч ямар ч брайл хэвлэлгүй байлаа. Тийм учраас цуглаан дээр хариулах юм уу даалгавар биелүүлэхдээ цээжлэхээс өөр аргагүй болдог байв. Тэрбээр: «Харин одоо би хэзээ ч хамаагүй гараа өргөөд хариулдаг. Ах дүүсээсээ хоцрохгүй явж байгаагаа мэдэрдэг. Бид бүгд Еховагийн өгдөг хоол ундыг зэрэг хүртэж байна шүү дээ!» гэж хэлжээ.

 Австрид амьдардаг харааны бэрхшээлтэй Ян гэдэг ахлагч «Харуулын цамхаг» болон Библи судлалын цуглааныг удирддаг. Тэрбээр хэлэхдээ, «Манай байгууллагын брайл хэвлэл миний уншиж байсан бусад хэвлэлээс хамаагүй ойлгомжтой. Жишээ нь хуудаснууд нь дугаартай, бас зүүлтүүд нь олж уншихад амархан, зургийг маш ойлгомжтойгоор дүрслэн бичсэн байдаг» гэсэн юм.

 Өмнөд Солонгост эхлэгчээр үйлчилдэг Сон Уг хараагүй, сонсголгүй аж. Урьд нь орчуулагчийн тусламжтайгаар цуглаанд оролцдог байсан бол одоо брайл Библид үндэслэсэн хэвлэлүүдийг өөрөө уншиж судлах боломжтой болжээ. Тэрбээр: «Бусад брайл хэвлэлийг уншихад маш хэцүү, яагаад гэвэл цэгүүд нь дутуу, шугам нь муруй, цаас нь хэтэрхий нимгэн. Харин Еховагийн Гэрчүүд сайн чанарын цаас хэрэглэдэг, түүн дээр товойлгон хэвлэсэн цэгүүд нь мэдэрч уншихад хялбар байдаг» гэж хэлсэн байна. Сон Уг цааш нь «Урьд нь би Библид үндэслэсэн ном хэвлэлийг судлахдаа үргэлж бусдаас тусламж авдаг байсан. Харин одоо өөрөө бие даан судалж чаддаг. Долоо хоног бүрийн цуглаандаа бэлдэж, идэвхтэй оролцох болсондоо үнэхээр баяртай байгаа. Би брайлаар гарсан бүх хэвлэлээ уншдаг. Би үнэхээр “донтсон” гэхэд хилсдэхгүй» хэмээн ярьжээ.

 Брайл хэвлэлд манай бусад хэвлэлийн адил дараах тайлбар бий: «Дэлхий даяар Библийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх манай ажил сайн дурын хандиваар санхүүждэг тул энэ хэвлэлийг худалдахыг хориглоно». donate.dan124.com-т дурдсан аргуудаар хандив өргөдөг та нартаа баярлалаа. Та нарын өгөөмөр сэтгэлийн ачаар Библид үндэслэсэн ном хэвлэл бүх хүнд, түүний дотор хараагүй болон харааны бэрхшээлтэй хүмүүст ч хүрч байна.