Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

Элбэг дэлбэг юмтай нь дутууг нөхдөг

Элбэг дэлбэг юмтай нь дутууг нөхдөг

2020 ОНЫ 10 ДУГААР САРЫН 1

 Еховагийн Гэрчүүд 200 гаруй улс оронд шашны болон тусламжийн ажил хийдэг. Гэвч ойролцоогоор 35-хан улсын Гэрчүүд л хандиваараа зардлаа бүрэн нөхөж чаддаг. Тэгвэл бусад улс орны тухайд юу хэлж болох вэ?

 Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл дэлхий дахины итгэл нэгтнүүддээ Бурхнаа шүтэж, сайн мэдээ тунхаглахад нь юу хэрэгтэй байгааг анхаардаг. Хандивыг сайтар төсөвлөж байж зарцуулдаг. Хандиваараа зардлаа нөхөөд илүү гарвал салбарууд хэрэгцээ шаардлагатай улс орнуудад өгдөг. Энэ нь «тэгш байхын» тулд бие биедээ тусалдаг байсан Христийн эртний дагалдагчдыг дуурайж байгаа хэрэг юм (2 Коринт 8:14). Эртний дагалдагчид элбэг дэлбэг юмтай нь бусдынхаа дутууг нөхдөг байжээ.

 Бусад салбарын тусламжийг авсан итгэл нэгтнүүдэд маань ямар санагддаг бол? Жишээ нь Танзани улсын Мафинга хурлын цуглааны танхимыг ийм мөнгөөр засжээ. Тэндхийн хүн амын талаас илүү хувь нь өдөрт 2 хүрэхгүй доллараар амьдардаг байна. Тэр хурлынхан: «Танхимаа зассанаас хойш цуглааны ирц эрс нэмэгдсэн. Манай танхимыг ийм сайхан болгож өгсөн Еховагийн байгууллага болон дэлхий дахины өгөөмөр сэтгэлтэй ах дүүстээ гүнээ талархаж байна» гэж бичжээ.

 Шри Ланкад амьдардаг зарим итгэл нэгтэн маань КОВИД-19 цар тахлын үед хоол хүнсээр дутагджээ. Тэдний нэг бол Имара Фернандо юм. Имара болон түүний хүү Енош бусад улсаас ирсэн хандивын ачаар хэрэгцээтэй юмаа авч чаджээ. Тэд ил захидал хийж ингэж бичсэн байна. «Энэ хэцүү үед биднийг хайрлан халамжилсан ах дүү нартаа баярлалаа. Бид ийм сайхан гэр бүлтэйдээ тун их баяртай байна. Эцсийн энэ үед Ехова бүх итгэл нэгтэнд маань туслаасай гэж бид залбирч байгаа».

Имара Фернандо хүү Еноштойгоо

 Ямар ч улс оронд амьдардаг бай, итгэл нэгтнүүд маань байгаагаа бусадтай хуваалцахыг хүсдэг. Жишээ нь Енош хэрэгцээ шаардлагатай гэр бүлүүдэд туслахын тулд жижигхэн хандивын хайрцаг хийгээд мөнгөө цуглуулдаг болжээ. Бас Мексикт амьдардаг Гуадалупе Алварез өгөөмөр байхын сайхан жишээ үзүүлдэг. Мужийнх нь ихэнх хүний цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрдэггүй эсвэл тогтмол бус байдаг. Гэсэн хэдий ч тэрбээр боломжийнхоо хэрээр хандив өргөдөг байна. «Сайхан сэтгэлтэй, үнэнчээр хайрладаг Еховадаа би их талархдаг. Далайд дусал нэмэр гэдэг шүү дээ. Миний хандив бусад хүний хандивтай нийлээд гачигдаж байгаа хүмүүст хэрэг болно» гэжээ.

 Салбарууд тусламж үзүүлэхдээ баяртай байдаг. Бразил салбарын хорооны гишүүн Энтони Карвало: «Бид олон жилийн турш бусад улсаас санхүүгийн тусламж авдаг байсан. Ийм тусламж дэмжлэг авдаг байсны ачаар Гэрчүүдийн тоо эрс нэмэгдсэн. Харин одоо манай санхүүгийн байдал сайжирсан учраас бид бусдад туслах боломжтой болсон. Бразил дахь итгэл нэгтнүүд маань дэлхий дахинд өрнөж буй дэлгэрүүлэх ажилд чадахаараа хувь нэмрээ оруулахыг хичээдэг» гэж ярьжээ.

 Тусламж хэрэгтэй итгэл нэгтнүүдээ дэмжих хамгийн сайн арга юу вэ? Аль нэг салбар луу шууд мөнгө явуулахын оронд дэлхий дахины үйл хэрэгт зориулан хандив өргөөрэй. Үүний тулд цуглааны танхимд байдаг «Дэлхий дахины үйл хэрэгт» гэсэн хайрцагт хандиваа хийх юм уу donate.dan124.com гэсэн сайтаар хандив өргөөрэй. Өгөөмөр та бүхэнд гүнээ талархаж байна.