Skip to content

Гарчиг руу орох

ХАНДИВЫГ ЮУНД ЗАРЦУУЛДАГ ВЭ?

2021 оны тусламжийн ажил—Ах дүүсээ мартаагүй

2021 оны тусламжийн ажил—Ах дүүсээ мартаагүй

2022 ОНЫ 1-Р САРЫН 1

 2021 оны үйлчлэлийн жилд a КОВИД-19 цар тахал дэлхий нийтийг ноёлсон хэвээр байлаа. «Цар тахлын үед зохион байгуулж буй тусламжийн ажил» өгүүлэлд дурдсанаар, манай байгууллага цар тахалтай холбоотой тусламжийн ажилд олон сая доллар b зарцуулж, Гамшигт нэрвэгдэгсдэд туслах 950 гаруй хороог байгуулаад байгаа билээ.

 Дэлхий дахины ах дүүс маань цар тахлын хажуугаар байгалийн болон хүний учруулсан гай гамшигт өртсөөр байна. Удирдах Зөвлөлийн Зохицуулагчдын хороо КОВИД-19 цар тахлаас гадна ийм 200 гаруй гамшигт зориулж 8 сая доллар нэмж зарцуулахыг зөвшөөрчээ. Саяхны хоёр гамшигт өртсөн ах дүүст та бүхний өргөдөг хандив хэрхэн зарцуулагдсаныг одоо сонирхъё.

Нирагонго галт уул дэлбэрсэн нь

 Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын (БНАКУ) нутагт байдаг Нирагонго хэмээх галт уул 2021 оны 5 дугаар сарын 22-ноос дэлбэрч эхэлжээ. Галт уулын лаав айлын орон сууц, сургууль, усан санг сүйтгэсэн. Аюул үүгээр дууссангүй. Дэлбэрэлтээс хойш хэд хоногийн турш хортой тоосонцор Гома хотын дээр цацагдаж, хэдэн арван чичиргээ бүртгэгдсэн юм. Хотын оршин суугчдын тэн хагасыг нүүлгэн шилжүүлжээ. Зугтан гарсан хэдэн зуун мянган хүний зарим нь хил залгаа Руанда улс руу дүрвэсэн байна.

Орон нутгийн тусламжийн хорооны ах дүүс гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ овьёосны халуун зутан өгч байна

 Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийн дунд 5 000 орчим Еховагийн Гэрч байв. Зарим нь дэлбэрэлтэд гэр орноо алдсан бол, заримынх нь гэр орон дүрвэж явахад нь тоногджээ. Руанда болон БНАКУ-д байгуулагдсан Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороод тусламжийн ажлыг зохион байгуулсан юм. Конго (Киншаса) салбарын тайлан мэдээнд «Хотод эмх замбараагүй явдал үүссэн байсан ч тусламжийн хорооныхон нүүлгэн шилжүүлэх тушаал гарахаас бүр өмнө хоол хүнс, ундны ус, цагаан хэрэглэл, хувцас хунар тараагаад эхэлчихсэн байв» гэжээ. Тусламжийн хорооныхон нэг жижиг хотод цугласан 2 000 гаруй ах дүүст майхан барьж өгч, амны хаалт тарааж, КОВИД-19 болон холерын халдвар авах эрсдлийг хэрхэн бууруулах талаар ярьж тайлбарлажээ.

Гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ хүнсний бүтээгдэхүүнийг хүргэж өгөхөөсөө өмнө жинлэж байна

 Гамшиг болсноос хойш 3 сарын дотор 6 тонн будаа, 6 тонн эрдэнэ шишийн гурил, 3 тонн ургамлын тос, 3 тонн усыг ах дүүс маань тараасан байна. Мөнгөө хэмнэхийн тулд гаднаас өндөр үнэтэй хүнсний бүтээгдэхүүн авахын оронд дотоодоосоо бөөнөөр нь худалдаж авах ажлыг салбар зохион байгуулав.

 Галт уулын дэлбэрэлтийн үед шинэхэн байшингаа алдсан нэг Гэрч эмэгтэй: «Бид сэтгэлээр унаж үнэхээр хэцүү байсан» гэжээ. Дараа нь итгэл нэгтнүүд маань тэдний гэр бүлд эд материалын тусламж үзүүлэхээс гадна Еховад үнэнч байх урам зоригийг нь бадраажээ. Тэрбээр: «Ехова одоо ч гэсэн хэрэгтэй зүйлийг маань өгсөөр байна. Ехова бидний ачаанаас үүрэлцэж, хөнгөлж өгч байгааг биеэрээ мэдэрч байна» хэмээн ярив.

Венесуэлийн эдийн засгийн уналт

 Сүүлийн жилүүдэд Венесуэлд эдийн засгийн хямрал нүүрлээд байгаа билээ. Амьдралын нөхцөл хүндэрч, хоол хүнс хомсдож, гэмт хэрэг ихсэж байгаа хүнд үеийг ах дүүс маань туулж байна. Гэхдээ Еховагийн байгууллага тэднийгээ мартаагүй.

Венесуэлийн өнцөг булан бүрд хүргэхээр будаа ачиж байна

 Тусламж хэрэгтэй айлуудад хүнсний бүтээгдэхүүн болон саван худалдан авч тээвэрлэхэд 1,5 сая гаруй доллар зарцуулжээ. Венесуэл салбарын тайлан мэдээнд «Өнгөрсөн үйлчлэлийн жилд сар бүр 130 тонн хүнсний бүтээгдэхүүнийг орон даяар тээвэрлэж, тусламж зайлшгүй хэрэгтэй байгаа ах дүүсийн гарт хүргэх тийм ч амар байгаагүй» гэжээ. Хоол хүнсийг муудуулахгүйн тулд удаан хадгалдаг бүтээгдэхүүнийг явуулдаг. «Бид ихэнх бүтээгдэхүүнийг ургац хураалтын үед буюу үнэ хямдарсан байхад нь их хэмжээгээр авдаг. Тэгээд, байж болох хамгийн хямд төсөр аргаар зөөвөрлөдөг» гэж уг салбарын тайланд цааш нь бичжээ.

Шатахууны хомсдол, тээврийн хэрэгсэл дутагдалтайгаас болж залуу итгэл нэгтнүүд маань ирэх очихын 18 километр замыг дугуйгаар туулан хурлынхандаа хоол хүнс хүргэж өгч байна

 Венесуэл дэх Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хорооны гишүүн Леонел хийж буй ажилдаа дуртай. «Тусламжийн ажил бол үнэхээр онцгой ажил. Хайртай эхнэр маань КОВИД-19-өөс болж нас барснаас хойш энэ ажил л надад урам зориг өгч байна. Би тусламж хэрэгтэй ах дүүсийнхээ төлөө чадах бүхнээ хийж өөрийгөө завгүй байлгадаг. Ехова өөрт нь үнэнч хүмүүсийг хэзээ ч орхихгүй гэсэн амлалтдаа хүрдгийг би өөрийн биеэр үзэж байна» гэж ярьсан юм.

 Өмнө нь Гамшигт нэрвэгдэгсдэд туслах хороонд үйлчилж байсан нэг Гэрч өөрөө тусламж хүлээн авчээ. Тэрбээр: «Энэ удаа надад тусламж хэрэгтэй болсон. Ах дүүс маань эхнэр бид хоёрт зөвхөн эд материалаар туслаад зогсоогүй тайтгаруулж, халамжилж, урам зориг өгсөн» гэж хэлжээ.

 Зарим гамшиг хэлж ирдэггүй, хийсэж ирдэг. Гэхдээ та бүхний өргөдөг хандивын ачаар Еховагийн байгууллага шаардлагатай зүйлсийг түргэн шуурхай олж, бас хүргэж чаддаг. Хандив өргөх зарим аргыг donate.dan124.com-т тайлбарласан байгаа. Бид өгөөмөр зантай та бүхэндээ маш их талархаж байна.

a 2021 оны үйлчлэлийн жил нь 2020 оны 9-р сарын 1-нээс 2021 оны 8-р сарын 31-нийг дуусталх хугацаа юм.

b Тус өгүүлэлд доллар гэдгээр америк долларыг хэлсэн болно.